Засгийн газар махны үнийг тогтворжуулах чиглэл өгсөн. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар нөөцийн махны үнийг нэмлээ. Тэр өчигдөр нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Х.Нямбаатар “Би нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд татаас олгох саналыг Засгийн газарт тавьсан. Гэвч үүнд Сангийн яам “Засгийн газрын нөөц хөрөнгөөс 7,5 тэрбум төгрөг гаргах боломжгүй” гэсэн. Тиймээс бид жилийн 4 улиралд хот орчимд мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, Туул, Биокомбинат орчимд сүйтгэгдсэн карьерын газруудыг хүнсний шинэ хангамжийн байгууламж болгох, далайн гаралтай бүтээгдэхүүн борлуулахад зээл олгох гэх мэт боломжууд байна” хэмээв.
Харин аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд нөөцийн махны үнэ алдагдалд хүргэж байгааг дурдлаа. Зарим аж ахуйн нэгж нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээж мэдэхээр байгааг хэлсэн.

Алдагдалд нөлөөлж буй хүчин зүйл нь дэлгүүрүүдэд нийлүүлэх зардал аж. Иймд энэ асуудалд уян хатан зохицуулалт хэрэгтэй байгааг дурдлаа.

Ийнхүү компаниудаас гарсан санал болон цаг үеийн нөхцөлд байдалд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмж 18 мянган төгрөгөөр, хонины махыг 2000 төгрөгөөр нэмж 15 мянган төгрөгөөр худалдахаар боллоо. Махыг жижиглэн худалдах бөгөөд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэв. Нөөцийн махыг 600 орчим цэгээр худалдана. Даваа гаргаас сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ. Мөн өмнө нь борлуулсан нөөцийн махны хэмжээг тооцож, хонины маханд килограмм тутамд нь 1500 төгрөг, үхрийн маханд 2000 төгрөгний зөрүү нэмж олгохоор хотын дарга Х.Нямбаатар шийдвэрлэлээ.
