Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр хуралдаж, тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой гомдол, маргааны нөхцөл байдлыг хэлэлцэв. Тус хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг тээврийн хэрэгслийн даатгалтай холбоотой гомдол эзэлдэг аж. Энэ нь зарим компанийн гэрээний нөхцөл ойлгомжгүй, хоёрдмол утгатай байгаатай холбоотой юм байна. Үүнээс шалтгаалж даатгуулагчдыг төөрөгдүүлэх, даатгалын тохиолдлыг үгүйсгэх, нөхөн төлбөр олгохоос татгалзах, хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулах зэрэг асуудал гардаг. Зарим компани гэрээгээ өөрийн талд хэт давуу байдлаар байгуулж, даатгуулагчдыг хохироох, гомдол маргаан үүсгэж байна. Иймд СЗХ холбогдох хууль тогтоомжид үндэслэн даатгуулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд зохицуулалтыг боловсронгуй болгох, холбогдох журмын зохицуулалтад тусгаж байгаа аж.
Даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаа, хэмжээнд, даатгуулагчид хүндрэл учруулахгүйгээр олгох нөхцөлийг шуурхай бүрдүүлж, олон нийтэд ил тод мэдээлэхийг ердийн даатгалын бүх компанид үүрэг болголоо. Түүнчлэн нэр бүхий даатгалын 5 компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөл, үйл ажиллагааг сайжруулах хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
