“Оюутолгой” ХХК-иар нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг нь бүрэн төлүүлсэн тухай БОУАӨЯ мэдээллээ. Тус компани 2010-2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан барьцаагаа Нөхөн сэргээлтийн тусгай санд төвлөрүүлээгүй байжээ. Үүн дээр 2025-2026 оны барьцаа хөрөнгийг нэмж, нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026.03.31-нд Нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлсэн байна.
Энэхүү зөрчлийг арилгуулах ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 39.4-т заасан заалтууд, түүнчлэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулжээ. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьд дүйцэх хэмжээний барьцаа хөрөнгийг Нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлэх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж, аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын дагуу төлбөр барагдуулах ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөл бүрдэж байна.
