Улсын хэмжээнд 2025 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 1135, энэ оны эхний 03 сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохирчээ.
Өнгөрсөн 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй байна. Харин 2026 оны эхний 03 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалган шийдвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад интернет хэрэглээ эрчимтэй өсөж, нийт хүн амын 80 гаруй хувь нь интернет хэрэглэгч болсон бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхний дийлэнх нь өдөр бүр цахим орчинд идэвхтэй оролцож, дунджаар 3–5 цагийг өнгөрүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна.
2026 оны эхний 3 сард дээрэлхэлт үйлдэгддэг 35 цахим группийг хаалгуулжээ
“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр”-өөс 2025 онд хийсэн судалгаагаар 13–17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9–12 насны 3 хүүхдийн 1 нь дээрэлхэлтэд өртөж байсан нь тогтоогдсон аж. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа нь цахим орчны эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа аж. Үе тэнгийн дээрэлхэлт нь ил гэхээс илүүтэй нийтийн цахим сүлжээнд цахим группт түгээмэл гарч байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. 2025 онд үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгддэг 500 гаруй группийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хаасан бол 2026 оны эхний 3 сард 35 цахим группийг хаалгуулжээ. Цаашид ил болон далд хэлбэрээр үйлдэгдэх үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд Цагдаагийн байгууллагаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг энэ оны 04 дүгээр сарын 13-наас 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Энэ ажлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэхүү аяны хүрээнд Е-Мongolia системд “е-кids” цэсийг нэмжээ. Ингэснээр хүүхэд дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд “е-кids” цэсээр дамжуулан дээрэлхэлтийг баримтжуулан мэдээлэх боломж бүрдэж буй.
