Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн жагсаалтад багтсан сургуульд 2026-2027 оны хичээлийн жилд сурах урилга авч, Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын хяналтын нөөцөд бүртгэгдсэн 40 бакалавр, 20 магистрын төлөөлөл болон тэдний эцэг эхчүүд Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр зарлалаа. Тэд Ерөнхий сайдыг шийдвэр гаргах хүртэл өнөөдрөөс Төрийн ордны гадаа суулт хийж эхэллээ.
Манай улс 2026 онд гадаадад зээлээр суралцагчдын тоог эрс цөөлж, бакалаврын хяналтын тоог 10, магистрын хяналтын тоог 20 болгожээ. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад гадаадад зээлээр суралцах оюутны квотыг 90 орчим хувиар бууруулсан юм байна. Үүний улмаас Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад тэнцсэн оюутнуудын сургалтын төлбөрийг хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй болж, оюутнууд уг сургуульд сурах эрхээ алдах, олон жилийн хөдөлмөр нь талаар өнгөрөх бодит эрсдэл үүсээд байгааг тэд хэлж байв.
Засгийн газар 2026.06.10-нд квот болон төсвийг нэмэх асуудлаар 250 дугаар тогтоол баталж, шаардлагатай хөрөнгийг 2027 оны төсөвт тусгахаар болсон ч энэ нь 2026 оны намар сургалтын төлбөрөө төлөх шаардлагатай байгаа оюутнуудын асуудлыг шийдвэрлэхэд туслахгүй аж. Учир нь 2027 оны төсөв батлагдтал оюутнууд гадаадын их, дээд сургуульд элсэх эрхээ баталгаажуулах, сургалтын төлбөрөө төлөх хугацаагаа алдах эрсдэлтэй.

Иймд тэд Ерөнхий сайд Н.Учралд хандан, хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгө болон бусад боломжит эх үүсвэрээс шийдвэрлэж өгөхийг хүслээ. Уг хүсэлтийг нь 8 дугаар сарын 15-ны дотор шийдэх шаардлагатай гэнэ. Эсвэ 2027 оны улсын төсөв батлагдах хүртэл оюутнуудад түр санхүүжилт олгох, эсвэл гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгдөх “Төрийн баталгааны бичиг” олгох, намрын сургалтын төлбөрийг дараа нь нөхөн санхүүжүүлэх зохицуулалт хийхийг хүсэв.
Эдгээр оюутанд 6.8 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг 2027 оны улсын төсөвт бүрэн тусгаж, 9 дүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг тэд шаардав. Тэд “Энэ бол тэтгэлэг биш, эргэн төлөх зээл. Бид улсаар амьжиргааны зардлаа даалгах гээгүй. Хүүхдүүд маань 11 дүгээр ангидаа олон улсын шалгалтын оноогоо авчихсан. Энэ оноо 2 жилийн хугацаатай байдаг учраас цаг хугацаа алдаж болохгүй. Улс хүүхдүүдийг “Дэлхийн топ сургуульд тэнцвэл төрөөс төлбөрөөс зээлэх боломжтой” гэчхээд, тэнцэхээр нь квотыг нь 10 болгон цөөлж, тодорхойгүй байдалд оруулж байна” гэсэн юм.
