УИХ яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Би бол парламентын засаглалыг төлөвшүүлэх тал дээр тултал явна. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал үүнтэй шууд холбоотой. Би Ерөнхий сайдын парламентын засаглалыг төлөвшүүлэх гэдэгт итгэл үзүүлнэ. Өнгөрсөн 10 сар эдийн засгийн хувьд хамгийн бүтээмжтэй байлаа. Овоо гайгүй итгэл үзүүлээд явж байтал, ингээд эхэллээ.
Бүх юм хугацаатай. Бид хойч үедээ юу хүлээлгэж өгөх юм. Бид түгжрэл, утаа гээд ярьдаг. Биднийг энд сандал ширээний хэрүүл хийгээд сууж байхад, Баян-Өлгийд 4 хүүхэд машины ослоор амиа алдлаа. Төв аймагт 2 жолооч амиа алдлаа. Хүнээ алдаж байгаа хүмүүс биднийг харааж л байгаа.
Үлдсэн 3 жилдээ улстөржсөөр байгаад таарах уу? МАН өөрөө түрүүлж гэрээгээ зөрчсөн шүү. Гэрээн дээр чинь байгаа шүү. Юм үнэнээрээ байх нь сайхан. Жилийн өмнө бид Засгийн газраа байгуулаад, хийнэ бүтээнээ гээд явсан. Энийгээ мартчихаж байгаа юм уу? Бид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй байх аа. Тиймээс би өнөөдөр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх гэдэгт саналаа өгнө.