Ерөнхий сайдад парламент “Итгэл үзүүлэх” магадлал 50 хувьд хүрэх үү?


Ерөнхий сайд суудалдаа үлдэхийн тулд парламентаас итгэл үзүүлэхийг гуйж байна. Гэхдээ түүний найдвар талаар өнгөрч магадгүй байгаа юм. Намаасаа авч чадаагүй дэмжлэгээ тэрээр их хурлын гишүүдээс, тэр дундаа АН-ын гишүүдээс авчихна гэдэг найдлагатай байсан нь тодорхой. Ерөнхий сайд АН-ын бүлгийн хурал дээр орж тайлбар тавьж асуултад хариулах хүсэлтэй байсан ч АН-ын бүлэг түүнийг хүлээж аваагүй юм. Түүгээр ч зогсохгүй АН-ын бүлэг гишүүдийнхээ  байр суурийн зөрчлөө нэгдмэл болгож хадгалахын тулд Ерөнхий сайдад “Итгэл хүлээлгэх” тогтоолын төсөлд нийтээрээ санал өгөхгүй байх улс төрийн шийдвэр гаргачихлаа. Хамтарсан засгийн газраас гарч, цаашид сөрөг хүчнээр ажиллах намын хувьд энэ нь магадгүй хамгийн зөв шийдэл биз. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ нь төлөвлөж байгаагүй цохилт болж үлдэв бололтой. Учир нь МАН-ын бүлгийн гишүүдийн байр суурь Ерөнхий сайдад “Итгэл үзүүлэх” тогтоолд харилцан адилгүй байр суурьтай байна.

Чуулганы битгий хэл 24 гишүүний  бүрэлдэхүүнтэй хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ч намынхаа гишүүдээс бүрэн санал авч чадаагүй Ерөнхий сайдад 64 гишүүний дэмжлэг авах найдвар бага байгаа аж. Тодруулбал УИХ-ын 126 гишүүнээс АН-ын 42 гишүүн санал өгөхгүй учраас эсрэг санал өгснөөр тооцогдоно. Үлдсэн 82 гишүүний 67 нь МАН-ынх боловч Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэдгээ ил илэрхийлсэн гишүүд ч нэгээр тогтохгүй байна. Түүнчлэн цөөнгүй хэд нь санал хураалтыг нууцаар явуулъя гэдэг санал гаргаж байгаа нь Ерөнхий сайдыг дэмжихгүй байх боломжийг эрэлхийлж байгаа гарц гэж харж болох юм. Зайлшгүй тооцоолох ёстой Ерөнхий сайдын эсрэг сонголт хийж мэдэх хүч мэдээж Ерөнхийлөгчийн фракцад бий. Л.Оюун-Эрдэнийн  засгийн газарт Ерөнхийлөгчийн хүн 6 бий. Засагт байгаа энэ 6 сайдаас гадна парламентад ч төрийн тэргүүний талыг баримтлагч түүнээс олон гээд тооцвол МАН-ын 67 гишүүний 50 хувийн саналыг татаж чадах эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм.

Мөн засгийн газрыг хамтран байгуулсан Хүн намын дотор ч Б.Найдалаа тэргүүтэй эсрэг санал өгөх хуваагдал бий болсон сураг бий. Ингээд тооцвол Ерөнхий сайдад парламент итгэл хүлээлгэх магадлал бага байж мэдэхээр байна. Чуулганы хуралдаанаар “Итгэл үзүүлэх” эсэх тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилсээр. Ерөнхий сайдаас 52 гишүүн асуулт асуухаар бүртгүүлсэн бөгөөд одоогийн байдлаар асуулт асуусан гишүүдийн тоо 20-д хүрээгүй байгаа юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *