Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг УИХ-ын гишүүд дэмжээгүй тул түүний Засгийн газрыг огцорсонд тооцлоо


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Санал хураалтыг нууцаар, цаасаар явуулсан бөгөөд санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 44 нь буюу 53.6 хувь нь тогтоолын төслийг дэмжжээ. Харин 38 гишүүн зөвшөөрөхгүй гэсэн санал өгсөн байна. УИХ-ын дэгийн тухай хуульд нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх байсан. Тиймээс 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж хуульчилсан байдаг.

Эргэн сануулахад тэрээр 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 103 гишүүний саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *