Ерөнхий сайд ажлаа өгөхөөр болж, МАН-ын дарга солигдох процесс ч удахгүй өрнөнө. Тэгвэл хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан намууд аль аль нь хагарч задрах магадлал өндөр болж байна.
АН-ын гишүүд өчигдөр “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадаагүй, 2 хуваагдсан. Үүнээс үүдэлтэйгээр АН-ын бүлэг чуулганы санал хураалтад оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Олон ургальч үзэл, хэл ам ихтэй, олон фракцтай АН-ын ая эвийг арай гэж олж, эвлүүлж ядан байсан Л.Гантөмөр дарга мөн ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа юм. Тэгэхээр түүн шиг АН-ыг байж болох хэмжээнд нэгтгэн, бүх фракцдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер тус намд байгаа эсэх нь мөн л эргэлзээтэй асуудал билээ.
Хамтарсан Засгийн газрын араас хагарч бутарч мэдэх өөр 1 нам бол ХҮН. Тус нам дотоод ардчилалгүй, гишүүд нь заналхийлэлд өртдөг тухай өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын хэлсэн үгнээс ажиглагдсан. Түүнчлэн Б.Найдалаа намынхаа шийдвэрт сэтгэл дундуур яваагаа нэг бус илэрхийлсэн байдаг. Мөн “Огцрох амархан” жагсаалд очиж, гарын үсгээ зурсан Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно хэмээн ХҮН-ын дарга мэдэгдэж байсан. Тус намын дотоод уур амьсгал эвгүй болсныг энэ бүхнээс анзаарч болохоор байсан юм.