Л.Оюун-Эрдэнийн зовлонг олон нийт ойлгох биш


Хааны зовлонг харц ойлгох биш дээ. Л.Оюун-Эрдэнийн гачланг олон нийт ухсангүй. Үлдэх хэцүү, огцрох амархан байлаа. Огцрохгүйн тулд тэр хамаг аргаа хэрэглэсэн ч чадсангүй. Ерөнхийлөгчийн засаглалаар сүрдүүлж, 1 хүний дарангуйллыг сануулж, парламентын давуу талд дулдуйдаад ч барсангүй. Уг нь тэр УИХ-ын гишүүн. Гишүүдтэй тохой нийлүүлэн чуулганд сууж, хууль батлалцах үүрэгтэй гишүүн. Гэвч тэр улсын мөнгө барьдагтаа эрдэн, УИХ-ын дээр гарахаар санаархаж, УИХ-ын танхимд эмэгтэй гишүүнийг эрэгтэй гишүүн асны нэрээр дуудан, дээрэлхэж суусан нь саяхан. Зул бөхөхийн өмнө бадамлана аа гэж. Пээдэлзэж суусан танхимдаа царай алдаж орох цаг бас ирдэг ажээ. Загнаж явсан гишүүдээсээ санал гуйх цаг бас ирдэг л юм байна.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйг тэр даанч оройтож ойлголоо доо. УИХ-ын чуулганы танхимд түүний Ерөнхий сайдын хувиар хэлсэн сүүлчийн үгэндээ хийснээ сануулж, улс төрийн өрнөлийг ухуулав. Үнэхээр түүний үед хамтарсан Засгийн газрын хийсэн ажлыг хэн ч үгүйсгэхгүй. 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг тийш шийдэхээр болсон. Эрчим хүчний үнийг аль ч засгийн үед хэнбугай ч зүрхэлж нэмээгүй. Монгол, Франц улс  хамтарч Зөөвч-Овоо ордын ураныг ашиглах гэрээ байгуулсан. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийг эхлүүлж чадсан.

Гэвч Нарны нөгөө талд сүүдэр бий. Тэр ч үүнийг ойлгож, сул талаа “Хамтарсан Засгийн газрын хувьд аль аль намд гомдол үүсэж, хардалт дагуулж, томилгооноос үүдсэн маргаан дэвэрч, нийгмийн хувьд ч олонх, цөөнхийн хяналт тэнцэл алдагдаж байна гэх бодит шүүмжлэл өрнөснийг хүлээн зөвшөөрөх учиртай” хэмээн хэлсэн. “Гэвч эвлэлдэн нэгдэх хэцүү, харин бусниулах амархан. Том төслүүдийг хөдөлгөх хэцүү, гацаах амархан. Засгийн газар огцрох амархан, гагцхүү улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсэж болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байхыг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлэлцэх учиртай” гэж парламентыг ятгав.

“Үндэсний баялгийн санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34 хувь, түүнд ногдох баялгийн төлбөрийг Хуримтлалын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарилах хэлцэл, бас тэмцэл ид үргэлжилж байх үед, Ухаахудаг ордын асуудлыг Засгийн газраас өргөн барьж, Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд долоо хоног болж байхад, 9 дүгээр сард болох Оюутолгойн арбитрын маргаан, Онтрегийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил ид дундаа өрнөж байх үед, Нийгмийн даатгал, татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан, дэвшилтэт буюу шаталсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад, хэлэлцэх эсэхийг шийдэх үед, хөгжлийн мега төслүүдийн тавыг нь бодитоор хөдөлгөж, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг гурав дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй цаг хугацаатай давхцан улс төрийн олон үйл явдал өрнөлөө” хэмээн олон гишүүнийг тэрээр талдаа татаж дөнгөсөн юм.

Үүнийг сонссон олон хүн түүнийг өрөвдсөн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эхлээд чуулганд хэлсэн түүний үг, гишүүдийн асуултад өгсөн хариулт нь түүнийг ухаалаг улстөрч болохыг дахин харуулав. Даанч ухаан ялигүй дутчихлаа даа. Ордон доторх дэмжлэгээ алдахгүй явах аргаа олсонгүй. Өөрийгөө төр гэж эндүүрэхгүй явж чадсангүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *