Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гээд цагдаад дуудлага өгсөн иргэн Б.Төрмөнх өөрөө буруутан болж байгаа асуудлын талаар түүнтэй ярилцлаа.
———————————————————————-
-Сүүлийн үед иргэд хөрш айлдаа үйлдэгдэж буй хүчирхийлэл, маргааны талаар цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд өөрөө буруутан болж байна гэв. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Манай нийгэмд хамгийн нийтлэг тохиолддог дүр зураг шүү дээ. Миний бодлоор аль аль талдаа буруу ойлголцсоны улмаас иймэрхүү маргаан үүсдэг болов уу гэж боддог. Аль, аль тал нь нэгнээ ойлгохыг хүсдэггүй. Жишээ нь, манай байрны айлын эхнэр, нөхөр хоёр хоорондоо хэрэлдэж, маргалдлаа гэж бодъё. Бүр даамжраад асуудал хурцадвал яах вэ. Энэ асуудал хугацаа өнгөрөх тусам гэр бүлийн хүчирхийлэл болохыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Хэрэв эрсдэлт нөхцөл байдал үүсвэл хэн ч байсан цагдаад дуудлага өгдөг. Ямар ч айл хөршийндөө юу болж байгааг эхлээд сонсож, нөхцөл байдлыг ажигладаг. Асуудал хяналтаас гараад ирэхээр шууд 102-т ханддаг юм. Тэгээд дуудлага өгсөн учраас цагдаа нар ирнэ. Ингээд л асуудал үүсдэг шүү дээ.
-Цагдаа, иргэн хоёр хоорондоо маргалддаг гэж үү?
-Эндээс үүсдэг хамгийн гол асуудал нь юу вэ гэвэл дуудлага өгсөн иргэн болон дуудлага хүлээн аваад ирсэн цагдаа хоёр хоорондоо буруу ойлголцдог юм. Учир нь цагдаа ирэхээр хэрэг болж байгаа айл өөрсдөө хаалгаа тайлдаггүй. Бүр чив чимээгүй болчихдог. Зарим нь тийм зүйл огт болоогүй гээд гүрийдэг. Ер нь бид гэртээ юу ч хийж болно, манай амьдрал та нарт ямар ч хамаагүй, миний нөхөр намайг яагаа ч үгүй гэхээр энэ хэргийн буруутан хэн болж таарах вэ гэвэл дуудлага өгсөн хүн нь шууд бурууддаг. Хуурамч дуудлага өгсөн хэрэгт унадаг. Хийгээгүй хэргийнхээ төлөө бараг гүтгүүлдэг. Хуулийн зохицуулалтдаа хүртэл хуурамч дуудлага өгсөн хүнийг торгодог болсон. Угтаа бол огт хуурамч дуудлага өгөөгүй хэрнээ торгуулахаар тухайн хүнд гомдолтой санагдана биз дээ. Иймэрхүү асуудал, нөхцөл байдлаас үүдээд хүмүүст “Цагдаад дуудлага өгсөн биш гай боллоо” гэх сэтгэлгээ бий болдог юм. Бас нөгөө талд ганцхан хүчирхийллийг таслан зогсоох гэж дуудлага өгдөггүй. Оройн цагаар айл гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг учраас тэр шүү дээ. Үүнийг таслан зогсоож, амьдрах орчныг минь амар тайван болгож өгөөч гэж цагдаад дуудлага өгдөг. Ямар ч хүн орой хажуу хөрш, эсвэл орцныхоо айлаас чанга чанга хашхирч, хэрэлдэж, уйлж байгаа чимээ сонсоод тайван унтаж чадах уу. Ийм стресстэй нөхцөлд буйдан дээрээ суугаад тайван зурагтаа үзэж чадах уу. Хамгийн наад зах нь сэтгэл санаа хүртэл тавгүй болдог. Санаа зовоод бухимддаг. Эцэст нь бодож, бодож цагдаад дуудлага өгдөг шүү дээ.
-Өөр танд тохиолдож байсан кейс бий юу?
-Гудамжинд зодолдож байсан хоёр хүнийг салгах гээд цагдаад дуудлага өгөөд буруудаж байлаа.
-Ер нь дуудлагаар ирсэн цагдаа нарын харилцаа хандлага сөрөг, дээрэнгүй, бухимдсан, уцаарласан, зандарсан байдаг гэж иргэд ярих боллоо. Та энэ талаар ярихгүй юу?
-Мэдээж дуудлага өгсөн иргэдтэйгээ дээрэнгүй харьцана гэдэг буруу. Ямар ч ажил мэргэжилд мэргэжлийн ёс зүй гэж чандлан мөрдөх ёстой зүйл байдаг. Аль болох асуудлыг эвээр шийдэх хэрэгтэй. Яаж ч бодсон дуудлага өгсөн иргэнээ загнаж, зандарч болохгүй. Мэдээж тухайн асуудал юу вэ гэдгээс ихээхэн зүйл шалтгаална. Бага насны, эсвэл залуучууд тоглоомоор цагдаад хуурамч дуудлага өгөх тохиолдол байдаг. Иймэрхүү явдал газар авч байсан үе бий шүү дээ. Тиймээс аль аль талдаа асуудлыг хүндрүүлж, бие биетэйгээ дайсагнаж үл ойлголцохгүйгээр шийдэх нь зүйтэй.
-Ер нь цагдаа нар ажил мэргэжлийн стресс ихтэй байдаг уу?
-Уг нь тухайн эргүүлийн цагдаа дуудлага хүлээн аваад хүчирхийлэл, гэмт хэргийг таслан зогсооно гэсэн бүрэн сэтгэл зүйтэй ирдэг. Энэ үнэн. Би цагдаа нарыг нэг дор олон дуудлага хүлээж аваад түүндээ их стресстдэг болов уу гэж боддог. Хамгийн гол нь нэг дуудлагын стресс бүрэн тайлагдаагүй байхад дараагийн дуудлага руугаа явдаг. Тэгээд дуудлага өгсөн газраа очиход тухайн газарт юу ч болоогүй, айл андуурсан юм шиг байна гэх хариу сонсоод бүр их стресстдэг байх. Дахиад учрыг нь олох санаатай дуудлага өгсөн хүнээсээ асууж тодруулна. Энэ нь сүүлдээ үл ойлголцол, бие бие рүүгээ дайрч давшилсан хэрэг болдог. Ийм нөхцөлд цагдаа нар стресстэхгүй байж чадахгүй шүү дээ. Цагдаа гэхээрээ уурладаггүй, огт ядардаггүй онцгой хүн гэсэн үг биш. Бидэнтэй адилхан хүн. Хэрэг таслан зогсоох гэж очоод шинэ маргааны хэрэгтэй болоод тухайн байрны хаалгыг хаадаг. Ер нь энэ бол Монголын нийгэмд нийтлэг дүр зураг. Ерөөсөө эрсдэлт нөхцөл байдалтай байгаа айл нь хаалгаа огт тайлахгүй. Уг нь тухайн эрсдэлт нөхцөл байдлыг таслан зогсоох гээд нэг иргэн дуудлага өгнө. Нөгөө талд цагдаа дуудлага хүлээн аваад ирдэг. Гэтэл хоорондоо ямар ч зөрчилгүй хоёр тал хэрэгтэн болоод дуусдаг. Энд нөгөө хүчирхийлэл үйлдсэн, эсвэл олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хүмүүс огт дурсагддаггүй. Хамгийн гол асуудал тэдэнд л байгаа шүү дээ. Гэтэл яагаад дуудлага өгсөн иргэн болон цагдаа хамаг бурууг үүрдэг юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам