Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан:
-Хамтарсан Засгийн газар Татварын багц хуульд тогтолцооны өөрчлөлт хийхээр зорьсон. Татварын хуульд хамгийн сүүлд 2019 онд томоохон өөрчлөлт хийснэээс хойш 6 жилийн дараа ийм том өөрчлөлт оруулж байна. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтийг хийх явцад өргөн хэлэлцүүлэг хийсэн. УИХ томоохон ажлын хэсэг гаргаж, Засгийн газартай эхнээсээ хамтарч ажилласан. Татварын хуульд хийх шинэчлэлтэй холбогдуулж иргэн, аж ахуйн нэгжүүдээс давхардсан тоогоор 176 мянган санал ирсэн. Эдгээр саналаас нэлээд нь хуулийн төсөлд тусгагдсан.
Иргэнд үзүүлэх хөнгөлөлт
1-рт, НӨАТ-ын хуультай холбогдуулж, бүх иргэний сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 50 хувь, 800 мянгаас дээших худалдан авалтыг 20 хувиар НӨАТ-аас хөнгөлөх зохицуулалтыг төсөлд тусгалаа. 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөхөөр НӨАТ уншуулж, худалдан авалт хийж байгаа иргэдийн 51 хувь нь НӨАТ төлөхгүй гэсэн үг. Харин 20 хувь нь 50 хувиа буцааж авна. Үлдсэн 27 орчим хувь нь хуучнаараа НӨАТ төлнө. Энэ зохицуулалтын хүрээнд нийт иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг.
Жишээлбэл: 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийхэд 500 мянга нь НӨАТ-аас чөлөөлөгдөнө. 300 мянган төгрөгөөсөө 50 хувь, үлдсэн 700 мянгаас нь хуучнаараа НӨАТ төлнө. НӨАТ-ын ийм шаталсансистем рүү шилжсэнээр бүртгэл ч сайжирна. 5 ам бүлтэй өрх сард 2.5 сая төгрөгөөр бараа, үйлчилгээ худалдаж авдаг байлаа гэхэд ам бүлийнх нь тоонд уг дүнг хуваахад, тэр өрх НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө.
2-рт, хөдөлмөр эрхэлж байгаа бүх иргэний сарын 800 мянган төгрөг хүртэлх орлого нь 100 хувь хөнгөлөгдөнө. 800 мянган төгрөг гэдэг бол цалингийн системээр НӨАТ төлж байгаа бүртгэлтэй нийт иргэдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл: 1 сая төгрөгийн цалинтай хүн 800 мянган төгрөгөөсөө татвар төлөхгүй, 200 мянгаасаа татвар төлнө. 2 сая төгрөгийн цалинтай хүн мөн 800 мянгаасаа татвар төлөхгүй, 1.2 сая дээр татвар төлнө.
3-вт, бүх нийтээрээ татвараа тэгш шударга төлөх эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны орлогыг шатлалд хамрагдуулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.
4-рт, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух, иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт хамрагдана.
5-рт, татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан хүргүүлдэг болно.
Аж ахуйн нэгжид үзүүлэх хөнгөлөлт
1-рт, аж ахуйн нэгжийн 25 хувиар татвар төлөх босго 6 тэрбум төгрөг байсныг 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6 тэрбумаас 10 тэрбум төгрөгийн ашгийн татварыг 15 хувь болгон бууруулна. Одоо бол нэг л шатлалтай. 6 тэрбумаас дээш бол 25 хувийн татвар луу ордог. Энэ нь аж ахуйн нэгж томрох боломжгүй, жижгэрүүлдэг байсан бол дээрх ангиллыг нэмснээр татварын дарамт бүрэн арилна гэж үзэж байна. Харин 10 тэрбумаас дээш бол 25 хувийн татвартай.
2-рт, аж ахуйн нэгжийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор ажилтнаа сургах, мэргэшүүлэх, ажилтны хувийн хэрэгцээний зардлыг хасахыг зөвшөөрч, зардлыг төлсөн НӨАТ-ыг хасах боломжийг нээнэ.
3-рт, баримтгүй худалдан авалтыг бэлэн бусаар хийсэн тохиолдолд үнийн дүнд НӨАТ шингэсэн гэж үзэн хасагдах эрхийг нээнэ.
4-рт, аж ахуйн нэгжийн хууль мөрдөж буй түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан, дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломж бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгалын уян хатан байдлыг дэмжинэ. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих хүрээнд 1 хувиар татвар төлөх орлогын босго 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлж, 3 жил хөнгөлөх шинэ зохицуулалт орууллаа.
5-рт, үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн болон оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний НӨАТ -ыг хасалт хийх боломжийг бүрдүүлнэ.
6-рт, аж ахуйн нэгжийн гадаадад хийсэн бараа ажил үйлчилгээний зардлыг хасагдах зардалд тооцохыг мөн зөвшөөрнө.
7-рт, аж ахуйн нэгжийн гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас үүссэн хохирлын даатгалын нөхөн төлбөрийг орлогын албан татвараас чөлөөлж, албан журмын даатгалын хураамжийг хязгаарлалтгүйгээр хасагдах зардалд тооцохыг мөн зөвшөөрнө.
8-рт, гадаад улсаас Монгол Улсад оршин суугч этгээдэд цахимаар үзүүлж буй үйлчилгээнд НӨАТ -ыг ногдуулж, тэдгээрийг суутган төлөгчөөр бүртгүүлнэ.