Н.Учрал: Компани болгон дээр ТУЗ байгуулдгийг зогсоож байна


Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал сэтгүүлчдэд танилцуулж байна.

ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал:

-Хамтарсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа бид дүгнэж байна. “Хурдтай хөгжлийн зориг” гэрээнд туссаны дагуу 14 мега төслөөс олон төсөл урагшилсныг та бүхэн мэднэ. Мега төслөөс гадна салбаруудад эрх зүйн реформ хийнэ гэж зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд 30 жил хүлээгдсэн нийгмийн даатгалын реформыг хийхээр хамтарсан Засгийн газрын ажил эхэлсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн татварын реформ хийх чиглэлээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын хууль зэрэг багц төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагч нараа хамгаалах чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд ХҮН-ын дарга Т.Доржхандаар ахлуулсан, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамнаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажилласан. Уг ажлын хэсэг хуулийн төслөө танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  Энэ бүх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажил.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажилласан. Уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэлд, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” төрийн өмчит компанид нэгтгэсэн. Дээрх нэгдэл, компаниуд нь төрийн өмчит компанийг менежментийн чиглэлээр буюу бүтээмжийг сайжруулах чиглэлээр ажиллана.

Төрийн мэдэлд байдаг төрийн өмчит компани 1400-1500 хүнтэй ажиллаж байгаа хэрнээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компани 200 хүнтэй үйл ажиллаад, бүтээмж нь төрийн өмчит компаниас өндөр. Үүнийг өөрчлөхийн тулд төрийн өмчит компаниуд дээр захиргааны албан орон тоог бууруулах, компани болгон дээр Төлөөлөн удирдах зөвлөл байгуулдгийг зогсоох ажлуудыг шат дараатай хийж байна.

Жишээ нь: Зам, тээврийн яаман дээр төмөр замын хоёр компани нэгдсэнээр орон тоо нь багасаад, бүтээмж нэмэгдэж байгаа. Уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол”-д нэгдсэнээр засаглалыг сайжруулах чиглэлээр ажиллана. Харин салбарын яамд бодлогуудаа хэрэгжүүлээд явна.

Уул уурхайн компаниуд менежментийн хувьд буюу бүтээмж, засаглал, ил тод байдлын хувьд нэгдэл дээр харьяалагддаг болохоос биш Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам бодлогыг нь авч явдаг. Энэ бол олон улсын сайн жишиг. Энэний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.

Ерөнхий сайд энэ асуудлаар өнөөдөр үүрэг өгөөд, УИХ-аас хэлэлцэхээр дэмжчихсэн байгаа Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн засаглал ил тод байдлыг сайжруулах хууль, хоёр 7 хоногийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль буюу өмчийг эзэнтэй болгох, үүнд нь газрын хэвлийн баялгийг хамааруулах чиглэлээр хийж байгаа шинэчлэл уялдаж, батлагдах ёстой гэдэг чиглэлийг өгсөн. Үүний дараа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захиргааны орон тоог бууруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийг бууруулах, бүтээмжийг сайжруулах, шаардлагагүй компанийг татан буулгах, хувийн хэвшилд шилжүүлэх ажил хийгдэнэ. Хуульгүйгээр бүх асуудал яваад байна гэж байхгүй. Төрийн ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Төлөвлөгөөний дагуу энэ асуудлуудыг өнөөдөр ЗГ шийдвэрлэсэн.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *