Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таваншарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц гаргаж байна. Эдгээрээс хамгийн түрүүлж ашиглалтад орсон Таваншарын нүхэн гарцны авто замыг тохижуулж эхэллээ.
Таваншарын нүхэн гарцыг 2024 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж, авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Үлдсэн 15 хувь нь тохижилтын ажил юм. Тохижилтын ажлыг өчигдрөөс эхэлж, 1 сарын хугацаанд дуусган, хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байна. Уг зам дагуу 4 хэсэгт мод, сөөг тарьж, замын таних тэмдэг, тэмдэглэгээг тодруулж, орчныг цэвэрлэнэ.

Таваншарын нүхэн гарц нь төмөр зам доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, ус зайлуулах иж бүрэн систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм.
