Дэлхийн шатрын холбооноос 2024 онд Унгарт болсон олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багт 2025 оны дэлхийн цомд оролцох эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгсөн.
Энэхүү эрхийн төлөө Монголын эрэгтэй тав, эмэгтэй гурван шатарчин тойргоор өрсөлдөж, цомд өрсөлдөх шатарчны нэр тодорлоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Г.Амартүвшин, С.Чингүүн, М.Амилал, Х.Итгэлт, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар өрсөлдөв. Тэднээс олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноогоор түрүүлж, дэлхийн цомд оролцох эрхээ халаасалсан байна. Ингэснээр 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 27-ныг хүртэл Энэтхэгийн Шинэ Дели хотод болох Дэлхийн цомыг зорих эрхтэй болжээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул ФИДЕ мастер Э.Хүслэн нар цор ганц эрхийн төлөө тоглож, Э.Хүслэн ялагчаар тодорлоо.
Түүний хувьд эхний тойрогт Т.Мөнхзулыг буулган авч, хоёр дахь тавилд өнжсөн. Энэ тавилд хоёр их мастер хоорондоо тулахад Б.Мөнгөнтуулын ялалтаар өндөрлөв.
Ингээд адилхан нэг хожилтой болсон их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Хүслэн нар өчигдөр шийдвэрлэх тоглолтод халз өрсөлдөж, залуу мастер Э.Хүслэн ялжээ. Ингэснээр тэр дэлхийн цомд анх удаа оролцохоор болов. Тэрбээр 2023 онд Монгол Улсын 26 дахь аварга болж байлаа. Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх сарын 5-29-нд Гүржийн Батуми хотод болно.