Монголын сагсан бөмбөгийн клубийн түүхэнд нэг улирлын турш нийт 53 тоглолт хийхдээ 73.6%-д нь хожсон гэх онцгой амжилтыг бүтээж буй баг бол “Хасын хүлгүүд”.
Өнгөрсөн 5 сарын 30, 31-нд Улаанбаатар хотноо болсон “BCL EAST”-ийн шилдэг 4 багийн өрсөлдөөнд 2024-2025 оны улирлын “Үндэсний дээд лиг”-ийн аваргууд “Хасын хүлгүүд” баг Индонез болон Тайванийн аваргуудыг хожиж, “Зүүн Азийн аварга” цомын эзэд болсноор дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон билээ.
Ингээд тэд “BCL” лигийн финалын шилдгийн шилдэг 9 багуудаас “А” хэсэгт Ираны лигийн аварга “Tabiat Basketball”, БНХАУ-ын CBA лигийн аварга “Zhejiang Guangsha Lions” багуудтай учраа таарсан.


Тэгвэл манай багтай өрсөлдөх Хятадын “Zhejiang Guangsha Lions” багийг танилцуулъя.
2005 онд үүсгэн байгуулагдсан 20 жилийн түүхтэй энэ баг өнгөрсөн 5 сарын 20-ны өдөр анх удаа Хятадын сагсан бөмбөгийн лигийн аварга болсон. Өмнө нь 2018, 2022 онд дотоодын лигийнхээ финалд хүрч байсан ч ширүүн өрсөлдөөн үзүүлж чадалгүй хожигдсон тэд энэ удаад финалын цувралд лигийн 3 удаагийн аварга, хүчирхэг “Beijing Ducks” багийг 4:2 харьцаатайгаар буулган авчээ.
Тэдний довтолгооны тэргүүн сонголт Barry Brown-ын тоглолтыг хэрхэн хязгаарлахаас тоглолтын хувь заяа ихээхэн хамаарна. Тэрбээр CBA финалын цувралын MVP-ээр тодрохдоо 28 оноо, 5.9 дамжуулалт, 2 бөмбөг таслалт дунджилжээ.
Үүн дээр нэмээд “Atlanta Hawks”, “Philapelphia 76ers”, “Minnesota Timberwolves”, “Houston Rockets”, “New Orleans Pelicans” зэрэг багт тоглож байсан, “James Nunnally”, “Atlanta Hawks”-ийн бүрэлдэхүүнд 1 улирал, “Minnesota Timberwolves” багийн бүрэлдэхүүнд 2 улирал тоглосон Nathan Knight гэсэн шилдэг Америк тоглогчид арслангуудын хүчийг улам зузаатгаж байна.
Ийн дотоодын лигтээ түрүүлж, мөн Зүүн Азийн аварга болж, босоо амжилттай яваа “Хасын хүлгүүд”-ийн залуус Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо очоод байна. “BCL” лигийн финалын тоглолтууд маргаашнаас эхлэх юм.
Эх сурвалж:Premier Sports Network
