Нийслэлийн засаг, захиргааны 4 дүгээр байр 1997 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар, шинэчлэл огт хийгээгүй, өнгө үзэмж муудсан, өвлийн улиралд хүйтэн, агааржуулалтын систем хангалтгүй, лифт ашиглах хугацаа дууссан байсан. 28 жил болж байгаа тус барилга нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж гарсан тул “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг сайжруулахаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр нээлттэй сонгон шалгаруулалт хийж, хувийн хэвшилд хариуцуулан засварын ажлыг гүйцэтгүүлж байгаа аж.



“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байранд ажиллаж, засварын ажил гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа. Их засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, цахилгаан шат, агааржуулалтын систем, фасад, дотор гадна засал болон зам талбайн тохижилтын ажил хийгдэж байна.
