Шинэ Ерөнхий сайд тоонд хэр бол?


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, оронд нь хэн очихоо шийдэх гээд улс төр буцалж, улстөрчид бужигнаж байна. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гээд олон хүн өрсөлдөж байгаа дуулдана. Засгийг хэн тэргүүлж, ямар хүмүүсээр танхимаа бүрдүүлэхийг ард түмэн сонирхож байна.

Угтаа бол хүнд нь биш, түүний цаадах бодлогод нь санаагаа чилээж байгаагийнх юм. Г.Занданшатар нь болно уу, Д.Амарбаясгалан нь байна уу, ер нь хэн гээч нь Ерөнхий сайд болох нь иргэнд хамаагүй. Нийтийн албанд хэн нэгэн ирж л байдаг, явж л байдаг. Гол нь тэр хүн ямар бодлого баримталж, ямар ажил хийх нь хамаатай. Хамгийн их хамаатай.

Хамтарсан Засгийн газар Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 10 сар ярьж, олон нийтийг дэндүү удаан хүлээлгэсэн. ХХОАТ-ыг багасгана, НӨАТ-аас буцааж өгөх хэмжээг нэмнэ, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардгийг болиулна, малчин хүнийг ямагт ажилчин хүнээс дээгүүрт тавьж, иргэдээ ялгаварлан гадуурхдагийг зогсооно гэх мэтчилэн олон нийт их зүйл хүлээсэн. Гэтэл “Үнэнийг хэлэхэд өнөөдрийн байдлаар НДШ-ийг 1-2% бууруулах ямар ч боломж байхгүй. Нийгмийн даатгалын сан өөрөө алдагдалтай” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4-р сарын 30-нд мэдэгдсэн юм. “Их санасан газар 9 шөнө хоосон” гэгч болж буйг түүний энэ үгнээс ард түмэн ухаарсан. 100 мянган хүний саналыг зүгээр л хэрэгсэхгүй орхиж байгаа нь үүнээс тодорхой болсон. 

Гэтэл харин Засгийн газар огцормогцоо ажил олгогчийн төлдөг НДШ-ийг 2 хүртэлх хувиар бууруулахаар боллоо. Огцруулчихсан чинь овоо юм хийх шинжтэй болоод, ард олноо бодсон шийдвэр гаргаад, алсыг харсан хууль бэлэн болгоод эхлэх чинь юу билээ. Иргэний төлсөн НДШ-ийн 4 хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулах тогтолцоо бүрдүүлэх гэнэ. Ажиллагсад одоо НДШ-д цалин, орлогоосоо 8.5%-ийг нь төлдөг. Үүнийхээ 4%-ийг бодитоор хуримтлуулж, тэтгэвэрт гараад хувийн тэтгэвэр болгож авах боломж бий болох юм байна. Энэ мэтчилэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан асар олон сайхан мэдээ дуулгав. Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар Засгийн газар шийдвэрлэв. Монгол Улс анх удаа нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэхээр болов. Энэ бол тун сайхан мэдээ.

Огцруулчихсан чинь овоо юм хийх шинжтэй болоод, ард олноо бодсон шийдвэр гаргаад, алсыг харсан хууль бэлэн болгоод эхлэх чинь

Олон нийтийн удтал хүлээсэн шинэчлэлийн 1 нь татварынх. Хамтарсан Засгийн газар Татварын багц хуульд тогтолцооны өөрчлөлт хийхээр зорьж, дараагийн Засгийн газарт ажлаа хүлээлгэж өгөхийн өмнө УИХ-д арайхийн өргөн барихаар боллоо. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлангийн танилцуулснаас үзвэл иргэд, ажил олгогчийн аль алийг нь гомдоохгүй төсөл болжээ. Сард 2 сая төгрөгөөр цахилгаан, дулаан, ус, хүнс, сургалт, нийтийн тээвэр, хувцас гээд олон бараа, үйлчилгээ худалдан авдаг хүн гэхэд 500 мянган төгрөгтөө НӨАТ төлөхгүй болох нь. 800 мянган төгрөгтөө 50% буюу 40 мянган төгрөгийн НӨАТ төлнө.  Үлдсэн 700 мянган төгрөгөөсөө 80% төлөх гэнэ. Ажил хийдэг хүн бүрийн ард амаа ангайсан хэдэн хүн бий. Ядаж л хүүхдүүдээ тэжээдэг. Тэднийхээ тоонд цалингаа хуваавал НӨАТ-өөс маш олон айл чөлөөлөгдөнө. Ибаримт авч чадаагүй ч цахимаар төлбөрөө төлсөн бол НӨАТ төлсөнд тооцно. Анхнаасаа ингэх ёстой байсан тогтолцоог одоо л манай улс бий болгох янзтай. 

Үүнийг үргэлжлүүлэх даалгаврыг дараагийн Засгийн газарт хамтарсан Засгийн газар үлдээж байна. Энэ даалгаврыг сайн хийх Ерөнхий сайдыг, Засгийн газрыг олон нийт хүлээж байгаа юм. УИХ-ын 126 гишүүн энэ хуулийн төслийг батална гэж найдан, иргэд нүд цавчилгүй харах болно.

Л.Оюун-Эрдэнэ зориглон барьж авсан ч хариуг нь гаргаж чадаагүй 1 тоо бий. Тэр бол хувийн компаниудын мэдэлд байгаа стратегийн ордуудын 34%-ийг Баялгийн санд яах авах вэ гэдэг бодлого. Л.Оюун-Эрдэнийн гаргасан хариуг стратегийн орд эзэмшигч хувийн компаниудын эзэд буруу гэж үзсэн. Ерөнхий сайд олсон  хариугаа зөв гэж зүтгэсэн. Эцэст нь бодлогыг Л.Оюун-Эрдэнээр биш, өөр хүнээр бодуулахаар болчихлоо. Хамтарсан Засгийн газрын бодож бараагүй энэ бодлого шинэ Засгийн газарт үлдэж байна. Шинэ Ерөнхий сайд үүнийг гялс бодож, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” хариу олох ёстой. Чадахгүй бол Л.Оюун-Эрдэнэд тавьсан дэгээ түүнийг хүлээж байгаа. Хамтарсан Засгийн газар энэ мэт хийж амжаагүй даалгавар, бодож чадаагүй тоогоо шинэ засаг, одоогийн УИХ-д үлдээлээ. Шинэ Ерөнхий сайд тоонд хэр болохыг харж л байя. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *