Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын бага хурлаа ирэх 1 дэх өдөр буюу зургадугаар сарын 9-ний өдөр товлосон. Бага хурлаар шинэ Ерөнхий сайд хэн болохыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Тэгвэл МАН-ын бага хурлын гишүүд намын удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Уг шаардлагадаа “Шинээр байгуулах Засгийн газрыг Үндэсний их зөвшилцлийн Засгийн газар байлгах, үүнд парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтарч ажиллах, шинээр сонгогдох Ерөнхий сайдад тавих шалгуур нь МАН-ын гишүүдийн эв нэгдлийг хангаж чадах, улс орны нэгдмэл байдлыг эрхэмлэн ажиллаж чадах нэр дэвшигч дэвшүүлэхийг хүсэж байна. Энэхүү саналыг намын бага хурлаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэжээ.
МАН-ын бага хурлын гишүүн С.Нэргүй: Миний бие эгэл жирийн багш хүн. Бага хурлын гишүүн санал, бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Өмнөх бага хурлаар “Хамтарсан Засгийн газраа дэмжье” гэдэг байр сууриа илэрхийлсэн. Харин бага хурлын эцсийн шийдвэрээр дангаараа засаг байгуулъя гэж шийдсэн.
Шинээр тодорч гарч ирэх Ерөнхий сайд хэн байх нь хамаагүй. Намынхаа эрх ашгийг нэгт тавьж чаддаг, улс эх орныхоо нөхцөл байдлыг харгалзан үзэж, бусад намтайгаа хамтран ажиллаж чаддаг хүн байгаасай л гэж хүсэж байна” гэв.
