Саяхныг хүртэл “броманс” харилцаатай байсан дэлхийн хамгийн хүчирхэг улсын удирдагч болон дэлхийн тэргүүн тэрбумтан нарын дотно харилцаа хэдхэн өдрийн дотор хөрж, өнөөдөр хэрүүл маргаандаа тулаад байна.
Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргааны шинэ яам болох Засгийн газрын бүтээмжийн департаментын тэргүүний ажлаа өгсөн Элон Маск сүүлийн долоо хоног гаруйн хугацаанд Трампын санаачилсан татварын хөнгөлөлт бүхий төсвийн тухай хуулийг цахим орчинд муулж, доромжилсоор байсан нь АНУ-ын ерөнхийлөгчийн бухимдлыг төрүүлж, тэд сүүлийн хоёр өдөр нийгмийн сүлжээнд “арсалдаж” байна.
Пүрэв гарагт Д.Трамп Цагаан ордны Зууван танхимд ХБНГУ-ын Канцлер Ф.Мерцтэй хийсэн уулзалтынхаа үеэр Элон Маскын бичсэн зүйлд сэтгэл дундуур байгаагаа цухалзуулсан бол хариуд нь Э.Маск өөрийн Х хуудсанд Трамп руу дайрч доромжилсон хэд хэдэн нийтлэл оруулж, тэр ч бүү хэл Трампыг импичментээр огцруулах хэрэгтэй хэмээн бичсэн юм.
Хариуд нь Трамп мөн Элон Маскт хандаж удаа дараа нийтлэл бичсэн бөгөөд тэрээр Элон Маскын компаниудтай байгуулсан засгийн газрын гэрээ, контрактыг цуцална хэмээн сүрдүүлж, Элон Маск “галзуурсан” учраас засгийн газрыг орхиж явахыг түүнээс хүссэн хэмээн бичжээ.
Элон Маск мөн энэхүү хэрүүл маргааны үеэр түүний SpaceX компанийн сансрын хөлгийг АНУ-ын сансрын нисгэгчдэд ашиглуулах явдлыг зогсооно хэмээн сүрдүүлсэн ч дараагаар нь дээрх мэдэгдлээсээ буцсан юм.
Ийнхүү тэднийг “сошиал”-аар маргалдаж байх үеэр Tesla компанийн хувьцааны ханш 14%-иар унасан байна.
