П.Анужин: Улс төрийн намууд хамтарч засаглах ёстой


МАН-ын бага хурал хуралдахаар гишүүд нь Тусгаар тогтнолын ордонд ирж байна.

УИХ-ын гишүүн асан П.Анужин:

-Шинэ Ерөнхий сайдыг ямар шалгуурт тэнцсэн хүн байгаасай гэж бодож байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдыг сонгох амаргүй цаг үед МАН-ын бага хурал, Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Энэ удаагийн Ерөнхий сайдад нийгмийн хүлээлт маш өндөр байгаа. Тавигдах шалгуур гэвэл бүх ард түмний эв нэгдлийг хангасан, МАН-ын мянга мянган гишүүнийхээ итгэлийг хүлээсэн, түүнээс чухал нь парламентад суудалтай намуудын итгэлцлийг хүлээх, эв нэгдлийг хангах Ерөнхий сайд зайлшгүй шаардлагатай байна.

-Та Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан. Та түүнийг Засгийн газраа хэр авч явсан гэж бодож байна вэ?

-Би бол түүнийг маш сайн авч явсан гэж үзэж байгаа. Эв нэгдэл, төрийн тогтвортой бодлого, ялангуяа гадаад орчинд маш чухал. Монгол Улсын эдийн засаг, хөгжлийг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх ямар ч боломж байхгүй. Энэ талаасаа сүүлийн 30 жилд хөгжлийг гацаасан гэж хэлж болохуйц, Монгол Улсын хөгжлийн гол тулгуур болсон том төслүүдийг урагшлуулсныг би үр дүн гэж үзэж байгаа.

-Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарын нэрийг бага хуралд оруулна гэж байна. Түүнийг та дэмжих үү. Хэр нэр дэвшигч гэж харж байна вэ?

-Би Удирдах зөвлөлийн шийдвэртэй танилцаагүй байна. Нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл тодорхой биш байна, одоогийн байдлаар. Тэгэхээр ямар нэг санал илэрхийлэх боломжгүй.

-Засгийн газраа хамтарч байгуулах нь зөв үү, эсвэл МАН дангаараа засгаа байгуулах нь зөв үү?

-Би өмнөх УИХ-д ажиллаж байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт бид оруулсан. Улс төрийн намуудыг жигд оролцуулан, Монгол Улс эв нэгдэлтэй байж, хөгжлийнхөө бодлогыг хангах хэрэгтэй гэдэг агуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Тийм учраас би анхнаасаа хамтарсан засгийг дэмжсэн. Цаашдаа ч дэмжих болно. Ганц нам дангаараа засаглах боломж байхгүй. Та бүхэн ажиглаж байгаа байх. УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй хуулийг 68-аас дээш гишүүн дэмжээгүй тохиолдолд уг хууль УИХ-ын босго давахгүй нөхцөл байдал үүсэж байгаа шүү дээ. Энэ талаас нь бодсон ч цаашдаа эв нэгдэл, Монгол Улсынхаа улс төрийн тогтвортой бодлогыг бодох юм бол улс төрийн намууд хамтарч засаглах ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *