Мягмар гарагт Австри улсын зүүн өмнөд хэсгийн Грац хотын Драйершютценгассе хэмээх ахлах сургуульд зэвсэгт халдлага гарч, 10 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарчээ. Зэвсэгт халдлагыг өмнө нь тус ахлах сургуульд сурч байсан 21 настай эрэгтэй үйлдсэн бөгөөд сургуульд гал нээж, олон хүн хөнөөж, шархдуулсныхаа дараа өөрийгөө буудан амиа егүүтгэсэн байна.

Амь үрэгдсэн 10 хүний 9 нь газар дээрээ нас барсан бол 1 эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа даалгүй нас барсан талаар Цагдаагийн газар мэдэгджээ. Амь үрэгдэгсдийн 6 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Эрх баригчид тэдний насыг тодорхой мэдээлээгүй байна. Тэдний дунд 17 настай, Францаас ирсэн сурагч байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн 12 хүн маш хүнд шархадсан талаар цагдаагаас мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр хэргийн сэжигтэн уг хэргийг ганцаараа үйлдээд, сургуулийн бие засах газарт өөрийгөө буудан хороосон байна. Ийм хэрэг үйлдэх болсон сэдэл, шалтгаан нь тодорхойгүй байгаа ажээ. Хэргийн сэжигтэн тухайн сургуульд сурч байсан ч сургуулиа төгсөж чадаагүй аж. Хууль ёсны дагуу эзэмшиж байсан хоёр буугаараа уг халдлагыг үйлдсэн талаар Австрийн Дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдээлжээ.
Австрийн Канцлер Кристиан Штокер тус улсад “Төсөөлшгүй хүчирхийлэл гарлаа” гээд халдлагад амь үрэгдсэн хохирогчдыг дурсах үүднээс улсын хэмжээнд гурав хоногийн гашуудал зарласан байна. Халдлага гарсан сургуулийн гадаа олон лаа асаан, цэцэг тавьж, хохирогчдын дурсгалыг хүндэтгээд байна.
Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон, ХБНГУ-ын Канцлер Ф.Мерц, Унгарын Ерөнхий сайд В.Урбан, Италийн Ерөнхий сайд Ж.Мелони, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен гэх зэрэг Европын өнцөг булан бүрээс Австри улсад эмгэнэл илэрхийлээд байна.
Халдлага гарсан сургуульд 14-18 насны 400 орчим сурагч суралцдаг байна. Мөн 9.2 сая хүн амтай Австри улсад сургуульд галт зэвсгээр үйлдэгдсэн халдлага гарах нь маш ховор. “Global Peace Index” судалгаагаар Австри улс Дэлхийн хамгийн аюулгүй 10 улсад багтдаг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдлага үйлдсэн этгээдийг сургуульдаа үе тэнгийн дээрэлхэлтийн золиос болж байсан хэмээн мэдээлжээ.
Хэдийгээр АНУ-тай харьцуулахад хамаагүй цөөн боловч сүүлийн үед Европт ийм гэмт хэрэг нэмэгджээ. 2023 оны 12-р сард Чехийн нийслэл Прага хотын их сургуульд нэгэн оюутан зэвсэгт халдлага үйлдсэний улмаас 14 хүн амь үрэгдэж, 25 хүн шархадсан. 2024 оны 12-р сард Хорватын нийслэл Загреб хотын бага сургуульд 19 настай залуу хутгаар халдлага үйлдсэний улмаас 7 настай сурагч амиа алдсан. Энэ оны 1-р сард Словак улсын зүүн хойд хэсгийн нэгэн сургуульд 18 настай хүү ахлах сургуулийн сурагч болон багшаа хутгалж хөнөөсөн. Ххэдхэн сарын өмнө Сербийн нийслэл Белград хотын сургуульд 13 настай хүү ангийнхаа 9 хүүхэд болон сургуулийн хамгаалагчийг буудан хөнөөсөн юм. Мөн Австри улсад гарсан дээрх хэрэгтэй зэрэгцээд мягмар гарагт Францын зүүн хэсгийн Ногент хотын сургуулийн сурагч туслах багшаа хутгалан хөнөөсөн байна.