Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын ажил эхэллээ


“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” зурагдлаа. Монголын талаас Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төмөрзам, далайн тээвэр бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав болон холбогдох албаныхан оролцсон бол БНХАУ-ын талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны нарийн бичгийн дарга Цао Юэ, Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп ХХК-ийн дэд ерөнхий менежер Ли Гуочян, Хятадын Төмөр замын барилгын гүүр инженеринг групп Интернэшнл ХХК-ийн ерөнхий менежер Шие Шяочэ нар байлцлаа.

Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газрын эрэмбэлсэн 14 мега төслийн анхных нь болох хил дамнасан төмөр замын барилгын ажил эхлэхэд энэ гэрээ зурагдаж бодит ажил хэрэг болж байгаад баяртай байна” гэв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуан “Бид сарын өмнө энэхүү хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулалтын шавыг тавьж байсан бол өнөөдөр хэрэгжүүлэх болсондоо туйлын баяртай байна. Хятад, Монгол хоёр бол уул усаар холбогдсон мөнхийн хөрс улс. БНХАУ “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улсын зам тээврийн болон бусад салбарт хөгжил авчрах томоохон гарцад хамтран ажилладаг. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засаг болон хоёр орны иргэдийн амьдрал, зам тээврийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой байна” хэмээв. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээнд талууд гарын үсэг зурсны дараа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Түүнээс “Энэ төслийг эхлүүлсэн Засгийн газар огцорлоо. Дараагийн Засгийн газар энэ мега төслийг үргэлжлүүлж чадах уу” гэж асуухад “Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж төр засаг солигдоход энэ гэрээ цааш явах уу гэдгийг БНХАУ-аас манай улсад суугаа элчин сайд лавлаж байна. Би гэрээ асуудалгүй цааш явна гэдгийг хэлсэн. Монголын төр солигдсон ч төрийн залгамж чанар өнөөдөр эхлүүлсэн энэ ажлууд зогсох ёсгүй. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг аль болох хурдан ашиглалтад оруулбал Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй. 70 жилийн дараа анх удаа Замын-Үүд-Эрээний төмөр замын араас орж буй хил холбох төмөр зам хоёр дахь том ажил. Энэ ажлыг нураавал Монгол Улсын эдийн засаг л хохирно. Төр засаг тогтворгүй байхаар хоёр хөрш төдийгүй дэлхий нийтээр Монголыг тогтворгүй байдалтай орон гэдгээр харж эдийн засгийн хортой үр дагаврууд бий болно” гэв.

Зам тээврийн яамны харьяа “Тавантолгой төмөр зам” ХХК болон Хятад улсын “Төмөр замын зам гүүрийн инженеринг групп”-тэй ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд Худалдан авах газраас 848 тэрбумын худалдан авах гэрээний үнэ зарлажээ. Тус компани 960 гаруй тэрбум төгрөгийн үнийн санал илгээсэн аж. Хэдийгээр тендерийн үнээр гэрээг байгуулж байгаа ч Хятадын тал төгрөгийн ханшийн уналтаас болж хохирол амсаж байгаа гэнэ.

Дөнгөж тендер зарлаж эхлэх үед юань 460 төгрөг байсан бол өнөөдөр 480 төгрөгт хүрлээ. Үүнээс шалтгаалж Хятадын тал 17 тэрбумын алдагдал хүлээхээр нөхцөл байдал үүсчээ. Дээрээс нь ажилчдын зардал мөнгө, техник тоног төхөөрөмжийн үнэ бүгд нэмэгдсэн байна. Энэ тухай салбарын сайд тайлбарлахдаа “Аль ч улсад энэ асуудал байна. Дэлхий нийт худалдааны хоригоос шалтгаалж барааны үнэ нэмэгдсэн учир ийм, ийм учир шалтгаанаас үнэ өсч байна гэдэг албан бичгийг нэг биш удаа хүргүүлж байгаа. Үүнийг бид эргэн харж миний бие хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хурлаар үүнийг танилцуулсан.

Энэ үнийг эргэн харах нь зүйтэй. Иймд гэрээ хийхдээ юаны ханшийн алдагдал үүсэх асуудалд онцгой анхаарахыг Зам тээврийн сайд, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон Засгийн газрын тэмдэглэл гарсан. Үүнтэй холбогдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт үүрэг өгсний дагуу өнөөдөр үргэлжлүүлээд ажил гүйцэтгэх үнэ дээр харилцан тохиролцоно. Монголын талаас хэдэн хувийн ажил гүйцэтгэх, Хятадын талаас хэдэн хувийн ажил гүйцэтгэх гэх мэт. Харин зүгээс Хятадын талаас тавьж байгаа шаардлагыг хүлээн авлаа. Гэхдээ ажил гүйцэтгэх явцдаа 30-аас доошгүй хувийн ажил гүйцэтгэлийг Монголын компаниудаар гүйцэтгүүлэх харилцан үүргийг хүлээлгэж байгаа. Ингэснээр бид ханшийн зөрүүний уналт зэргээс бага ч гэсэн хамгаалагдана. Мөн бид аль болох богино хугацаанд энэ ажлыг хийхийг шахаж байгаа. Хятадын талаас 22 сарын хугацаанд хийнэ гэсэн. Цаашид энэ ажил гэрээ нэг талдаа шийдэгдээд ханш болон бусад асуудлаа шийдвэрлэж чадвал ажлыг нэн даруй эхэлнэ гэдгийг Хятад талаас илэрхийлээд байна” гэв. Мөн тэрбээр “China energy”-д ямар, ямар давуу эрхүүдийг тусгасан бэ” гэсэн асуултад “Бид энэ гэрээг бүтэн жилийн хугацаанд ярьсан. Засгийн газраас 2, 3 жил энэ асуудлыг ярьж байгаа. Харамсалтай нь өмнөх ажлын хэсгийн хүмүүс 50 гаруй удаа уулзахад энэ асуудал дээр ямар нэгэн тохиролцоо шийдэлд хүрч чадаагүй. Хамтарсан Засгийн газрын 10 сарын хугацаанд бид “China energy” компанитай удаа дараа уулзаж, тохиролцоонд хүрч чадсан. Хоёр тал харилцан ашигтай гэрээ хийсэн. Аль нэг талд ашигтай гэрээ хийгээгүй гэдгийг ажлын хэсгийг ахалж байсан дэд даргын хувьд хариуцлагатайгаар мэдэгдье. 20 жилийн хугацаанд авах нүүрснийх нь хэмжээ байгаа ч гэсэн нүүрсний үнэ дээш, доош хэлбэлзэнэ” гэж хариуллаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

М.Мөнх


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *