ОХУ, Украин улсууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцлоо


Истанбулд явуулсан яриа хэлэлцээний үеэр тохирсны дагуу ОХУ, Украин улсууд лхагва гарагт амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг харилцан солилцлоо.

Украины эрх баригчдын зүгээс лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросын тал 1212 цэргийн цогцсыг Украинд илгээсэн гэжээ. ОХУ-ын Курскийн бүс нутаг, Оросын эзлэн авсан Украины 4 муж болон бусад нутгуудад амь үрэгдсэн Украины цэргүүдийн цогцсыг илгээсэн бөгөөд Украины эрх баригчид цогцос таних ажлыг эхлүүлснээ мэдэгджээ.

Харин Украины тал Оросын 27 цэргийн цогцсыг хүлээлгэн өгсөн талаар ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, туслах Владимир Мединский мэдэгдсэн байна.

Хоёр тал энэ сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хотноо хоёр дахь ээлжийн шууд яриа хэлэлцээ явуулсны үр дүнд хүнд өвчтэй, шархадсан, залуу олзны цэргүүд болон цогцос солилцохоор тохиролцсон бөгөөд даваа гарагт маш хүнд өвчтэй, шархадсан цэргүүдийг солилцсон бол мягмар гарагт 25-аас доош насны цэргүүдийг солилцсон юм.

Харин дайнд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцох тал дээр солилцоог удаашруулж байна хэмээн харилцан нэгнээ буруутгасны дараагаар ийнхүү ялгаатай тооны цогцсыг солилцсон байна. Истанбулын яриа хэлэлцээний төгсгөлд талууд 6000 гаруй цогцос солилцохоор тохирсон юм.

Харин гал зогсоож, энэ дайныг өндөрлүүлэх асуудал тодорхойгүй хэвээрээ үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын агаарын цэргийн баазууд дахь стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг сөнөөсөн дроны довтолгооны хариуд Оросын тал энэ долоо хоногт Украин улсад томоохон дроны цохилт үзүүлээд байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *