Лос Анжелес хотод үүссэн үймээн самуунтай холбогдуулан тус хотын дарга Карен Басс онц байдал зарлаж, орон нутгийн цагаар мягмар гаргаас лхагва гарагт шилжих шөнө хотын төвийн хэсэгт хөл хорио тогтоож байгааг мэдэгдсэн. Хөл хорио тогтоосон шөнөөс өглөө хүртэл иргэдийн эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн зогсолтгүй үргэлжилсэн байна.

Хөл хориог Лос Анжелес хотын төвийн хэсгийн 1300 ам км нутаг дэвсгэрт оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд зарлажээ. Энэ хугацаанд хотын хууль ёсны оршин суугчид, сэтгүүлчид, онцгой байдлын албаныхнаас бусад бүх хүнийг гадуур явахыг хориглосон байна.
Эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөний үеэр газар авч байгаа бусдын өмч, эд хөрөнгийг эвдэж сүйтгэх, хулгай, дээрэм тонуул хийх явдлын эсрэг хотын даргын авч хэрэгжүүлсэн хөл хорионы үеэр дүрэм зөрчсөн 200 гаруй иргэнийг баривчилсан талаар Лос Анжелес хотын Цагдаагийн алба мэдээлжээ. Тодруулбал: Жагсаал цуглаанаа тараахыг эсэргүүцсэн 203, хөл хориог зөрчсөн 17, галт зэвсэг биедээ авч явсан 3, цагдаагийн биед үхлийн аюултай зэвсгээр халдсан 1 хүнийг баривчилсан байна.
Тус хотод бичиг баримтгүй, хууль бусаар амьдарч байсан 330 орчим цагаачийг мөн баривчлаад байгаа ажээ.

Харин хууль бус цагаачдыг баривчлан, албадан гаргах арга хэмжээг эсэргүүцэн анх эхэлсэн иргэдийн жагсаал үймээн самуун болж хувирсны дараа Ерөнхийлөгч Д.Трамп Үндэсний гвардын 4000 цэрэг, тэнгисийн 700 явган цэргийг тус хотод хэв журам сахиулахаар дайчлан илгээхийг тушаасан юм. Мөн тэрээр энэ доло хоногийн эхээр Форт Браггт хийсэн мэдэгдэлдээ тус хотод цэрэг илгээсэн шийдвэрээ өмгөөлж, гадаадын улс орны туг далбаа барьсан “гадаадын дайснууд” хотод эмх замбараагүй байдал үүсгэж байна хэмээн буруутгасан билээ.
Хотын дарга Карен Басс мөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ тус хотод үргэлжилж буй хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг дуустал хөл хорио хүчинтэй үйлчлэх болно гэдгийг тодотгов. Мөн тэрээр мужийн эрх баригчидтай урьдчилан зөвлөлдөлгүй Үндэсний гвардын цэргүүдийг тус хотод илгээсэн явдлыг шүүмжилж, “Долоохон хоногийн өмнө тайван байсан хотод цэрэг оруулж ирэн, иргэдийг айдас хүйдэст автуулж байна. Холбооны засгийн газар эрх мэдлийнхээ хэр хэмжээг туршин үзэж, шалгасан байж ч магадгүй” хэмээн хэлсэн байна.

Түүний нэгэн ижил Трампыг шүүмжилж, тэр ч бүү хэл шүүхэд өгөөд байгаа өөр нэг хүн бол Калифорни мужийн замбан захирагч Гэвин Ньюсом юм. Ардчилсан намын гишүүн Гэвин Ньюсом Ерөнхийлөгч Трампыг “Хүч хэрэглэн, арга зам, нөхцөл байдлыг улам гааруулж, хурцатгах арга замыг сонгож байна. Тэр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна. Калифорни муж бол дөнгөж эхлэл. Иймэрхүү үйл явдал өөр бусад мужид ч үргэлжлэн явагдах болно” хэмээн шүүмжилж, түүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн шүүхэд өгсөн. Уг асуудлаарх шүүхийн сонсгол пүрэв гарагт Хойд Калифорнийн дүүргийн шүүхэд явагдахаар болжээ.
Трампын тушаалын дагуу Лос Анжелес хотод цэрэг илгээхэд нийт 134 сая ам.доллар зарцуулсан талаар Пентагон мэдэгдэв. Лос Анжелес хотод эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн Нью Йорк, Атланта, Чикаго, Даллас, Техас, Остин, Сан Франциско зэрэг өөр бусад хотод өргөжин үргэлжилж байна.