Л.Мөнхбаясгалан: Г.Занданшатар та Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ангид ажиллаж чадах уу?


Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Гишүүдийн асуулт, нэр дэвшигчийн хариултыг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Таны мэдлэг чадвар Ерөнхий сайдад хүрэхгүй юм байхгүй. Таныг Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг байсан учраас эргэлзээ төрөөд байна. Монгол төрийн залгамж чанар байх ёстой. Та энэ хоёр номыг уншсан уу? Хууль зүйн сайд О.Алтангэрэл эмхэтгэж тараасан. Уншсан бол та юу бодсон бэ? Утаанаас болж олон хүн амиа алдаж, угаартаж байхад ганцхан компани 48,4 тэрбум төгрөгийн ашиг олсон байдаг юм. Тэр бол “Энержи Ресурс”. Тус компанийг улсад их татвар их төлдөг гэдэг ч бусад компаниудаас 2,5 дахин бага татвар төлдөг. 690 тэрбумыг “Энержи Ресурс” компанид эргүүлж өгнө гээд Сангийн яамд хүргүүлсэн. Та энэ асуудал дээр хэрхэн ажиллах вэ?

Хоёр дахь асуулт. Та У.Хүрэлсүхээс хэр ангид ажиллаж чадах вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэг дохио, зангаагаар ажиллавал энэ улсад сайн зүйл болохгүй. Тиймээс та Ерөнхийлөгчөөс та хэр ангид байх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар: Үе үеийн Ерөнхийлөгчийг мэднэ. Хамтарч ажиллаж байсан. Тэр үедээ хууль дээдлэх зарчмаа ажиллаж байсан. Хуультай учраас тэрний хүн, энэний хүн гэсэн хардлага байж таарахгүй.  Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд шууд оролцдоггүй. Заагладаг, хаягладаг, хуваадаг хандлага улс төрд байж болохгүй. Тиймээс энэ зарчмыг баримталж ажиллана. Энэ ном надад ирээгүй учраас би танд уншчхаад хариу хэлье. Ухаа худгийн асуудал дээр гэрээ хэлцлийн асуудалтай, ашиг сонирхлын зөрчил, хууль бус гэрээ байгаа бол хариуцлага тооцох ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *