МУИС-ийн доктор, дэд профессор Г.Уянгатай “мөнгөтэй, чинээлэг байх нь гэмт хэрэг биш” сэдвийн талаар ярилцлаа.
——————————————————————–
-Баян, мөнгөтэй, чинээлэг байх нь гэмт хэрэг, байж болохгүй зүйл мэт нийгэмд ойлголт байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ. Үнэнд нийцэх үү?
-Чинээлэг байх нь гэмт хэрэг гэж нийгэм буруу ойлгоогүй. Яагаад гэвэл Монгол Улс Үндсэн хуульдаа зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан нийгэмтэй байна гэж тунхагласан байдаг. Харин хулгай хийж, хууль, дүрэм журмаа зөрчиж баян чинээлэг болж байгаад л нийгмээрээ дургүйцэж байгаа юм. Тийм учраас нийгэмд баян чинээлэг хүнийг гэмт хэрэгтэн гэж ойлгохгүй ээ.
-Энэ ойлголтоос болоод нийгэмд эрх тэгш харилцаа үүсэхэд асуудал үүсч байна уу?
-Зах зээлийн эдийн засаг гэдэг шударга хөдөлмөрлөдөг, үнэн, тууштай байдаг зарчмууд дээрээс тэр хүн баян болно гэсэн ойлголтоос гарч ирсэн. Үүнийг ардчилсан нийгмийн байгуулал Үндсэн хуулийнхаа чөлөөт гэх зарчмаар баталгаажуулж өгсөн. Тэр эрх чөлөө бол өөрийнхөө хүслээр, шударга хөдөлмөрлөх эрхийг маань олгосон хэмжээгээр эд баялагтай байх боломж гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас мөнгө, эд баялаг олж байгаа хүн бүрийг хууль бус аргаар баяжсан гэх ойлголттой шууд холбох нь утгагүй зүйл. Хэрэв аль нэгэн газраас хулгай хийгээд мөнгөтэй болж баяжсан бол тэр хүмүүсийг “баян чинээлэг” гэхгүй, “хулгайч” хүн л гэж хэлэх ёстой. Эрх тэгш байдал яагаад алдагдаад байна вэ гэхээр баян чинээлэг болж буй хүмүүс хууль зөрчиж байгаа учраас л тэр юм.
-Шударгаар хөдөлмөрлөж байгаа хүн олон бий. Энэ хүмүүсийн тухайд?
-Мэдээж тэд л ардчилсан нийгмийг ойлгосон орчин үеийн хүмүүс. Цаашид ч тийм хүмүүс олон болоосой.
-Хүмүүсийн баян болох хүсэл нь ёс суртахуунгүй болох эрсдэлийг дагуулдаг уу?
-Эрсдэлийг дагуулна. Үүнд л бидний аливаа зүйлд үнэнч байна уу, шударга байна уу, шунал нь дэндэж байна уу гэх мэт байдал шалгагдана. Классик зохиолууд яагаад олон мянган жил оршин тогтноод, амьдраад байдаг вэ гэвэл амьдралын үнэнийг хэлсэндээ утга учир нь оршдог. А.С.Пушкины “Алтан загасны үлгэр” дээр эмгэн баяжсан ч шуналдаа дийлдээд буцаад байрандаа очдог. Үүнтэй утгын хувьд дүйнэ гэсэн үг. Хүссэнээ өөрийн болгох боломж бүрдэх тусам тайвшраад, ёс суртахуунлаг болвол баяжсан арга нь тууштай хөдөлмөр байж гэж бодно. Жишээ нь, “Хүргэн хүү” кинон дээр, хадгалсан мөнгөө оготнод идүүлчихээд, Жамц баян эхнэртээ “Юундаа уйлсан юм бэ. Буурлын буян байхад хэдэн шараар дутахгүй” гэдэг. Жамц бол өөрөө хөдөлмөрлөсөн, харин түүний эхнэр баян айлын охин байдаг. Үүнээс бид мөнгө, эд баялгийг өөрөө хөдөлмөрлөж олсон болон олоогүй хүний ялгааг харж болно. Өөрөө хөдөлмөрлөсөн бол дахиж олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.
Өнөөгийн бидний нийгмийн хувьд баян, элбэг хангалуун болсон хүнийг баялгаа хаанаас, ямар арга замаар олсон бэ гэдгийг эрэлхийлж байгаа нь тэр хүний нэр хүндтэй шууд холбоотой. Монголчууд цөөхүүлээ учраас хэн, хаана ажилладаг гэдгийг бүгдээрээ мэддэг. Жишээ нь, төрийн байгууллагын ажилтны цалин хэд байдаг, Монголын эдийн засгийн байдал ямар байгаа вэ гэдгийг мэдэж буй учраас ам дамжин, ямархуу байдлаар баяжиж байгааг гадарладаг. Энэ утгаараа зөв шударгаар хөдөлмөрлөсөн үү, эсвэл хулгай хийсэн үү гэдгийг нь ард түмэн харж л байдаг. Тэгэхээр үүнийг маш сайн ухамсарлаад, гэр бүл, үр хүүхэд, өөрийнх нь нэр хүндтэй холбоотой учраас мөнгө олохдоо үнэнч, шударгыг эрхэмлэх нь зүйтэй. Төрийн мөнгийг зувчуулах, хууль бус, зүй бусаар өөрийн болгохгүй байх нь нэр хүндтэйгээр, аз жаргалтай амьдрахтай шууд хамааралтай.
-Нийгэмд хүний үнэ цэнийг хөрөнгөөр хэмжих хандлага ёс зүйн хувьд зөвшөөрөгдөх үү?
-Бид яагаад нийгмийн олон байгууллагаас ардчилсан нийгмийг сонгоод байна вэ гэхээр бидний мөнгөтэй, элбэг, хангалуун амьдрах боломж буюу эрх чөлөөг олгодог учраас тэр. Ардчилсан нийгмийн гол үнэт зүйл нь өөрийнхөө чаддаг, мэддэг зүйлээрээ мөнгө олох. Тэгэхээр бидний тууштай хөдөлмөр л үнэт зүйл болохоос мөнгө биш юм. Бид энэ ертөнцөд сэтгэл дүүрэн байхын төлөө л ажиллаж, хөдөлмөрлөдөг. Энэ бол ертөнцийн хууль. Монголын нууц товчоонд хүртэл хулгай хийхгүй, худлаа ярихгүй, үнэнч, шударга хөдөлмөрлөх тухай гардаг. Тэгэхээр энэ үнэ цэнийг л барих ёстой. Ингэснээрээ мөнгө өөрөө орж ирдэг гэдгийг илүү сайн ойлгох хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа