ШУУРХАЙ: Израил улс Ираны цөмийн болон цэргийн байгууламжуудад агаарын цохилт өглөө


Орон нутгийн цагаар баасан гаргийн өглөө Израил улс Ираны цөмийн болон цэргийн байгууламжуудад агаараас довтолж, цохилт өгсөн талаар Израилын Батлан хамгаалахын сайд Израэл Катц мэдэгдлээ. Тус мэдэгдэлд Израил улс урьдчилан сэргийлэх үүднээс өрссөн, нарийвчилсан, нэгдсэн довтолгоог Иранд эхлүүлсэн гэжээ.

Мөн Ираны тийрэлтэт онгоцууд, цөмийн байгууламж зэрэг олон арван цэргийн объектод цохилт өгөх эхний үе шатаа дуусгасан гэж мэдэгдэв. Израилын Батлан хамгаалахын сайд мөн Иран улс хариу арга хэмжээ авч, пуужин болон дроноор довтолж болзошгүй учраас Израил улс даяар онц байдал зарлаж байгааг мөн давхар мэдэгдсэн байна.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайн бүс нутагт “томоохон хэмжээний зөрчилдөөн” гарч болзошгүй хэмээн анхааруулан мэдэгдсэний дараахан Израилын зэвсэгт хүчин Иранд довтлоод байна. Баасан гаргийн үүрээр Ираны нийслэл Тегеран хотод хэд хэдэн дэлбэрэлт болсон талаар тус улсын төрийн төв телевиз мэдээлж, Израилын довтолгооны үеэр Ираны агаарын хамгаалах систем 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажилласан гэжээ.

Иран улсын яг аль байршлуудад цохилт үзүүлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч нийслэл Тегеран хотын баруун хэсгийн Читгар дүүрэг орчмоос утаа гарч байгаа нь дүрс бичлэгүүдэд харагдсан байна. Тухайн байршилд ямар нэгэн цөмийн байгууламж байдаг эсэх нь мөн тодорхойгүй байна.  

Израилын Ерөнхий сайд Б.Нэтаньяху энэхүү цохилтын талаарх мэдэгдэлдээ Ираны Нантанз дахь цөмийн эрдэмтдийн ажиллаж буй байршилд цохилт үзүүлсэн болохыг онцоллоо. Тодруулбал, Израилын зэвсэгт хүчин Ираны цөмийн бөмбөгийн судалгаа болон баллистик пуужингийн хөтөлбөрт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, Нантанз дахь уран баяжуулах байгууламж зэрэг обьектуудыг онилж, цохилт үзүүлсэн ба уг ажиллагаа олон өдрийн турш үргэлжилнэ гэдгийг мэдэгдээд байна.

Иранд үзүүлсэн сөрөг довтолгоогоо “Хүчирхэгжиж буй арслан” хэмээн Израил нэрлэсэн бөгөөд Б.Нэтаньяху дүрстэй мэдэгдэлдээ “Бид Израилын түүхийн шийдвэрлэх мөчид байна” хэмээн хэлсэн байна. Израилын агаарын цохилттой холбогдуулан Израил, Иран, Ирак улс агаарын хилээ хаалаа.

Израилын цохилтын эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авахаа Ираны зэвсэгт хүчин мэдэгдэв. Ираны зэвсэгт хүчний ерөнхий штабын хэвлэлийн төлөөлөгч Аболфазл Шекарчи мэдэгдэлдээ “Ираны зэвсэгт хүчин энэхүү Зионист довтолгооны хариуг заавал барих болно. Израил үүнийхээ төлөөсийг нугалж төлөх болно. Бидний хүчтэй хариу цохилтыг хүлээ” гэжээ.

Мөн “Ройтерс” агентлагийн баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Ираны улсын дээд удирдагч Аяатолла Али Хаменей амьд байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдлын талаар тасралтгүй мэдээлэл авч байгаа гэнэ. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд Ираны эсрэг энэхүү цохилтоо Израил улс Вашингтонтой хамт явуулсан гэж мэдээлээд байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Израил улс өөрийгөө хамгаалахын тулд уг цохилтыг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж итгэж, үзэж байгаагаа АНУ-тай зөвлөлдсөний дагуу Ираны эсрэг нэг талын арга хэмжээ авсан” гээд, “АНУ Ираны эсрэг энэхүү цохилтод оролцоогүй. Тухайн бүс нутаг дахь Америкийн зэвсэгт хүчинг хамгаалах нь бидний нэн тэргүүний эрхэм зорилго байх болно” гэжээ. Мөн тэрээр Израилын довтолгоо эхлэхээс өмнө буюу пүрэв гаргийн шөнө Иран улсад анхааруулга өгч, Израилын цохилтын хариуд тухайн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөхгүй байхыг анхааруулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *