Энэтхэгт осолдсон онгоцны ослоор 240 гаруй хүн амь үрэгдэж, 1 хүн амьд гарчээ


Энэтхэгийн иргэний агаарын “Air India” компанийн иргэний зорчигч тээврийн онгоц пүрэв гарагт хөөрсөн даруйдаа осолдсоны улмаас онгоцонд зорчиж явсан 240 гаруй хүн амь үрэгдсэн байна. “Air India” компанийн Их Британийн нийслэл Лондон чиглэлд хөөрсөн “Boeing 787” загварын онгоц Энэтхэгийн баруун хойд хэсгийн Гужарат мужийн Ахмедабад хотын анагаахын коллежийн оюутнуудын дотуур байрыг мөргөж осолдсон юм. Эх сурвалжуудын мэдээлснээр коллежийн дотуур байрны цайны газарт байсан олон оюутан бэртэж гэмтсэн байна.

Онгоцонд хөлгийн багийнхан (12) болон зорчигчид (230) гээд нийт 242 хүн байжээ Тэднээс 241 нь амиа алдаж, 1 хүн амьд үлдсэн нь Их Британи улсын иргэн Вишвашкумар Рамеш гэгч байв. Тус улсын Дотоод хэргийн сайд Амит Шах эмнэлэгт түүнтэй уулзан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Мөн осолдсон онгоцонд Энэтхэгийн 169, Их Британийн 53, Португалийн 7, Канадын 1 иргэн зорчиж явсан байна. Онгоц орон нутгийн цагаар пүрэв гаргийн 13:38 цагт хөөрч, хөөрснөөс 5 минут орчмын дараа осолджээ. Уг ослын өмнө онгоцны нисгэгчид удирдлагын төвд яаралтай дуудлага өгсөн байна. Онгоц хөөрөнгүүтээ өндрөө алдан унаж, дараа нь дэлбэрч байгаа нь хяналтын камерт бичигджээ.

Энэтхэгийн эрх баригчид уг ослын шалтгааныг олж тогтоохоор мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байна. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, эл ослыг “зүрх шимширмээр” харамсалтай үйл явдал боллоо гээд, холбогдох албаныхантай холбоотой байгаагаа мэдэгджээ.

Америкийн “Boeing” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Келли Ортберг осолтой холбогдуулан пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ “Air India” компанийн тэргүүн Натаражан Чандрасекарантай холбогдож, түүнд бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх санал тавьснаа онцолсон байна. Мөн тус компанийн тусгай баг ослыг мөрдөн шалгах ажилд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг нэмж хэлсэн байна.

Зорчигч тээврийн “Boeing 787 Dreamliner” загварын онгоцны тухайд анх 2009 онд гарч, олон улсад 1000 гаруй ширхгийг худалджээ. Өргөн том хэмжээтэй, давхар хөдөлгүүртэй онгоц юм. Мөн 2013 онд тус онгоцонд зай хураагуурын асуудал үүссэнээр Дэлхийн хэмжээнд уг загварын онгоцуудыг түр хугацаанд үйлчилгээнд ашиглахыг нь зогсоосон ч Энэтхэгт болсон энэхүү осол нь “Boeing 787” загварын онгоцны түүхэн дэх анхны осол болсон байна.

Их Британийн эзэн хаан III Чарльз, хатан Камилла, Ерөнхий сайд Кир Стармер, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез болон Ирланд, Бангладеш, Ватикан зэрэг олон улс орны төр, засгийн удирдагч уг осолтой холбогдуулан, Энэтхэг улсад эмгэнэл илэрхийлээд байна. 

Энэтхэг улсын түүхэн дэх хамгийн олон хүн амь үрэгдсэн онгоцны осол 1996 оны 11-р сард Харяна мужид болсон. Саудын Араб болон Казахстаны иргэний агаарын тээврийн хоёр онгоц агаарт мөргөлдсөн тухайн ослоор хоёр онгоцонд зорчиж явсан 349 хүн бүгд амиа алдсан юм.

Харин пүрэв гаргийн ослоос өмнө хамгийн сүүлд Энэтхэг улсад 2020 онд мөн л “Air India” компанийн “Boeing-737” загварын онгоц осолдсоны улмаас 21 хүн амь үрэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *