Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Газын зурвасын асуудлаар яаралтай хуралдаж, улмаар Израил болон Палестины талуудыг нэн даруй, ямар ч урьдчилсан болзолгүйгээр, бүрмөсөн гал зогсоож, Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа бүх хүмүүсийг суллаж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд тавьсан хязгаарлалтыг даруй цуцалж, улмаар Газын зурвас дахь бүслэлтээ нэн даруй зогсоохыг Израилын талаас шаардсан тогтоолын төслийг баталсан байна.
Газын зурвас дахь 2 сая гаруй энгийн иргэдийг өлсгөх арга замаар дайны үйл ажиллагаа явуулж байгааг буруушаасан утга агуулга бүхий Испани улсын санаачлан боловсруулсан уг тогтоолын төслийг нийт 193 гишүүнтэй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны санал хураалтаар дэмжсэн 149, эсэргүүцсэн 12, түдгэлзсэн 19 саналаар баталжээ.
Тогтоолын төслийг Израил, АНУ-аас гадна Аргентин, Фижи, Унгар, Микронез, Науру, Палау, Папуа Шинэ Гвиней, Парагвай, Тонго, Тувалу зэрэг орнууд эсрэг санал өгсөн байна.
Уг тогтоолд зааснаар, мөргөлдөгч талууд олон улсын хууль эрхзүй, тэр дундаа олон улсын хүмүүнлэгийн хуулийг даган мөрдөж, ялангуяа дайралт явуулах үед энгийн иргэдийг хамгаалах үүргээ биелүүлэхийг шаардаж, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх ёстойг онцлон тэмдэглэжээ.
Мөн энгийн иргэдийн хоол хүнсийг таслахыг дайны арга барил болгон ашиглах болон хүмүүнлэгийн тусламжийн эд материалыг Газрын бүсэд нэвтрүүлэхийг хориглож буй үйлдлийг эрс буруушааж, олон улсын хууль, гэрээ конвенцийн дагуу эзлэн түрэмгийлэгч тал болох Израил улс хүмүүнлэгийн тусламж шаардлагатай бүх иргэдэд тусламжийн эд материалыг гарт нь хүргүүлэхийг баталгаажуулах үүрэг хүлээж байгаа ба үүргээ эс биелүүлсэн тохиолдолд тус улсаас хариуцлага нэхэмжлэх ёстойг цохон тэмдэглэжээ.
Уг тогтоолд “хоёр улсын шийдэл”-ийг тууштай баримталж, Газын зурвас болон Иордан голын баруун эрэг орчмын хүн ам, нутаг дэвсгэрийн байдалд өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцэж, палестинчуудыг хүчээр хөөн гаргах оролдлого, Палестины газар нутгийг хууль бусаар эзлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эсэргүүцэж байгааг дахин онцоллоо.
Палестины асуудлыг олон улсын хууль тогтоомж болон НҮБ-ын холбогдох тогтоолын дагуу бүх талаар шийдвэрлэх хүртэл НҮБ байнгын хариуцлагыг хүлээнэ гэдгийг дахин онцолсон байна.
НҮБ-ын ЕА-н уг тогтоол нижигнэсэн алга ташилтан дор батлагдсан байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын төсөлтэй харьцуулахад Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөлд хориг тавьж болдоггүйгээрээ онцлог ялгаатай боловч Ерөнхий Ассамблейн тогтоол нь заавал дагаж мөрдөх шаардлагагүй, зөвхөн тухайн асуудал дээрх олон улсын байр суурийг илтгэсэн бэлгэдлийн шинж чанартай байдаг юм.