Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Э.Энхсүлдтэй ярилцлаа.

————————————————————————-
-Энэ зун Монгол орны цаг агаарын ерөнхий төлөв ямар байхаар ажиглагдаж байна вэ?
-Долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын төлөв гарсан байгаа. Долдугаар сард агаарын температур нийт нутгаараа олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Түүнчлэн баруун аймгуудын нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Увсын нутгаар олон жилийн дундажаас бага хур тунадас орно.
Харин Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн ихэнх нутаг, Баянхонгорын баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Наймдугаар сард нийт нутгаараа олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Дорноговь, Өмнөговь зэрэг говийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай.
Бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орохоор байна.
Харин есдүгээр сард агаарын температур болон хур тунадасны хэмжээ олон жилийн дундаж орчим байх төлөв гарсан. Үүнээс харахад, зуны саруудад ялангуяа говийн бүс нутагт хур тунадас ахиу орох төлөвтэй байна.
-Энэ сарын сүүлээр цаг агаар ямар байх бол?
-Зургадугаар сарын хоёрдугаар 10 хоногийн сүүл болон гуравдугаар 10 хоногийн эхэнд олон жилийн дунджаас дулаан байна. Харин гуравдугаар 10 хоногийн сүүлээр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, сэрүүн байх төлөвтэй. Гуравдугаар 10 хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна.
-Улаанбаатар хот орчмоор энэ зун цаг агаар ямар байх төлөв ажиглагдаж байна вэ. Үерийн эрсдэл бий юу?
-Зуны саруудад Улаанбаатар буюу Төв аймгийн нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд олон жилийн дундажийн орчим орно. Төв аймгийн нутгаар үерийн эрсдэл бага гэж ойлгож болно. Гэхдээ тухайн үеийн хүчтэй аадар бороо, эсвэл удаан орсон ус ихтэй борооны улмаас үер болдог тул иргэд богино хугацааны нарийвчилсан мэдээг үргэлж авч байх хэрэгтэй.
-Монгол орны хаагуур, хаагуур гандуу байна вэ?
-Энэ сарын 10-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн цөөн хэдэн сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна. Харин Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим нутаг, Баян-Өлгий, Ховд ГовьАлтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд зэрэг гэж хэлж болохуйц байна. Түүнчлэн ирэх сард нутгийн баруун хэсгээр хур тунадас бага орохоор байгаа боловч говийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орно. Тиймээс энэ зун ган болох эрсдэл бага гэж ойлгож болно.
-Энэ сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд тариалалт 50 гаруй хувьтай үргэлжилж байсан. Газар тариалангийн голлох бүс нутгуудаар энэ сарыг дуустал цаг агаар ямар байхаар байна вэ?
-Газар тариалангийн бүс нутаг буюу Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар маргааш буюу энэ сарын 17-ны үеэр хур тунадастай сэрүүн байх бол бусад үеүдэд дулаан байх төлөвтэй байна. Түүнчлэн гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үед дулаан байх бол гуравдугаар арав хоногийн сүүлээр сэрүүн байх ба бороо орох төлөвтэй байна.
-Дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлт манай улсад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Монголд сүүлийн 80 гаруй жилд агаарын дундаж температур 2.2°C орчмоор нэмэгдсэн. Энэ нь дэлхийн дунджаас илүү хурдацтай дулаарч байгааг илтгэж байгаа юм. Энэхүү дулаарлын улмаас манай оронд зуны улиралд 30°C дээш халуун өдрийн тоо нэмэгдэн хэт халалтын давтамж, хуурайшилт ихэсч байхад өвлийн улиралд эсрэгээрээ цастай өдрийн тоо ялимгүй нэмэгдсэн хандага ажиглагдаж, хоног хоорондын агаарын температурын зөрөө ихэсч байна. Шилжилтийн улирал болох хавар намрын тухайд авч үзэхэд улирлын үргэлжлэх хугацаа уртасч буй нь сүүлийн 40 жилийн ажиглаглалтын мэдээнээс илэрхий харагддаг. Уур амьсгал дулаарахын хэрээр хөрс хуурайшиж, ган гачиг, хэт хуурай үе нэмэгдэх нь манай орны тэргүүлэх гол салбар болох хөдөө ахуйн салбарт сөрөг нөлөө үзүүлж, нийгэм эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг. Улмаар ард иргэдийн амьдралд шууд сөрөг үр дагаврууд үзүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зундаа хэт халснаас өвс ургамал хатаж, малын тэжээл хомсдож, мал тарга хүчээ авч чадалгүй өвөлтэй золгосноор малын хорогдол нэмэгдэж, тариа ногооны болц удааширч ургац алдаж байна.
Үүний зэрэгцээ усны нөөц хумигдаж, булаг шанд ширгэх, нуур цөөрөм хатах, ургамлын төрөл зүйл хомсдох, хуурайшилтаас шалтгаалан ойн болон тал хээрийн түймэр гарах нөхцөлийг эрс нэмэгдүүлж байгаа нь тодорхой болоод байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судлаачид Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн тооцоо гаргасан байгаа.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Ө.Анхзаяа
