Х.Баасанжаргал: Ямар шалгуураар сайд болдгийг би ерөөсөө мэдэхгүй


МАН-ын шинэ гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарт хүсэлт хүргүүлсэн бол зарим гишүүн МАН-ын Удирдах зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн гэсэн Х.Баасанжаргалаас тодрууллаа.

-Та бүхний хүсэлтийг Ерөнхий сайд хүлээж авсан уу?

-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулиар жендерийн эрхийг хэрэгжүүлэх цорын ганц үүрэгтэй субьект нь Ерөнхий сайд гээд нэр заасан байдаг. Тиймээс Ерөнхий сайдад хандаж хүсэлт хүргүүлсэн. Хэдийгээр ЗГ-ын бүрэлдэхүүний 15%-иас доошгүй гэж хуульд байдаг ч Улс төрийн намын тухай хуульд 40% гэсэн квот байгаа. Үүнийг хэрэгжүүлээч гэсэн хүсэлт хүргүүлсэн.

Өмнөх ЗГ-уудад эмэгтэй сайд нарын квотыг харвал 30 байтугай 15%-даа ч хүрсэн тохиолдол байхгүй. Тиймээс бид ядаж 15%-даа хүрээсэй гэж бодож байгаа. ЗГ-ын бүтэн бүрэлдэхүүний хэмжээнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой.

-Ерөнхий сайдын танхимаа бүрдүүлэх эрхэнд халдлаа гэж зарим хүн шүүмжилж байна.

-Бид Ерөнхий сайдын үндсэн эрхэнд халдаагүй. Тийм зүйл байхгүй. Бид бүгдээрээ л сошиалаар тэр сайд ажлаа үргэлжлүүлж хийх хэрэггүй, болиосой гээд саналаа хэлж байгаа шүү дээ.

-“Бидний дундаас сайд тавь” гэсэн агуулга та бүхний шаардлагад байгаа юу?

-Ямар нэг нэр заагаад, энэ хүнийг заавал сайд болгох ёстой гэсэн зүйл байхгүй. Энэ бол Үндсэн хууль зөрчөөгүй. Өргөн хүрээнд зорилгоор нь харвал намын дотоод ардчиллын асуудал.

Үүн дээр 2 ялгаа бий. 1-рт, МАН-ын гишүүд гарын үсэг зураад, УЗ-д хүргүүлсэн 1 бичиг бий. Тэр бол яг нөгөө шаардлага нь. 2-рт, жендерийн квот гэж тусдаа хүсэлт бий. Улс төрийн намын тухай хууль, намын дүрэм, Үндсэн хуульдаа нийцүүлж байгаа.

Томилгооноос гадна ЗГ-ын бүтэц маш чухал шүү дээ. Анхаарал хандуулах ёстой зүйл. Хуучин сайд нар нь улирах ёстой гэвэл үйл явц нь яаж явах ёстой юм бэ. Нээлттэй, ил тод байх ёстой. Намын дотоод ардчиллын асуудлаа бид шаардаж байгаа гэсэн үг. Наад зах нь хуучин сайд нарын тайланг бүлэг сонсмоор байна. Ямар шалгуураар сайд болдгийг би ерөөсөө мэдэхгүй. Манай нам энэ тухайгаа дотроо яриад, шалгуураа тодорхой гаргах ёстой. Энэ тухай гишүүдтэйгээ ярилцах ёстой.

УИХ-д ганц удаа сонгогдсон, жагсаалтаар орж ирсэн гишүүн гэдэг нь ямар нэг байнгын хороо ахлах, сайд болох, ажлын хэсэг ахлахад саад болдог зарчим байгаад байна уу?

-Анх удаа сонгогдсон гишүүн сайд болж болохгүй гэдэг бол хэвшмэл ойлголт. Олон сонгогдсон байх нь илүү чухал юм уу. Мэргэжил, салбарын онцлогийг бас харах ёстой. Зарим салбарт улс төрийн туршлага зайлшгүй шаардлагатай байж болно. Түүнээс гадна мэргэжлийн байх гэдэг шаардлагыг харах ёстой.

Үүнийг хэн шийдээд байна вэ гэхээр 2, 3 хүн л яриад шийдээд байна шүү дээ. Энэ тоглоомын дүрэм ил болох ёстой. Ядаж зарчим нь ил болох ёстой. Бид чинь сүүлдээ нээрэнгээсээ кнопчин шиг болж эхэлж байна гэсэн үг. Би тийм баймааргүй байна.

-МАН-ын бүлэг өглөө яагаад хуралдсангүй вэ. Хэзээ хуралдах бол?

Бүлэг хуралдана гэснээ больчихлоо. Хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. ЗГ-аа ямар бүтэцтэй  байлгах гэж байгаа нь тодорхойгүй байна. Бидэнд ямар ч мэдээлэл байхгүй байна. Ийм байх ёсгүй гэж би хувьдаа харж байгаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *