“Их Долоо”-гийн дээд хэмжээний чуулга уулзалт нээгдлээ


“Их Долоо”-гийн бүлгийн 2025 оны дээд хэмжээний чуулга уулзалт даваа гарагт Канадын Альберта мужийн байгалийн үзэсгэлэнт тогтоц газарт байрлах Померой Кананаскис хэмээх уулын амралт зугаалгын цогцолборт нээгдээд байна.

Энэ жилийн “Их Долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалтад бүлгийн гишүүн Канад, АНУ, Их Британи, Герман, Итали, Франц, Япон улсын төр засгийн тэргүүн нараас гадна ЕХ, Бразил, Мексик, Өмнөд Солонгос, Энэтхэг, Индонези, Украин, ӨАБНУ улсууд төлөөлөгчдөө илгээн оролцохоор болжээ.

Зохион байгуулагч Канад улсын ерөнхий сайд Марк Карнигийн онцгой эрхийнхээ дагуу урилга илгээсэн орнуудаас АНЭУ-аас бусад нь бүгд зөвшөөрч, оролцохоор болсон байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэн зохион байгуулагдах “Их Долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр үндсэн чуулганаас гадна мөн хажуугийн хоёр болон олон талт уулзалтууд, сайд нарын түвшний уулзалтууд давхар зохион байгуулагдах юм.

Тодруулбал, эхний өдрийн чуулганы үндсэн сэдэв олон улсын эдийн засгийн хэтийн төлөв байх бол мөн эдийн засгийн өсөлт, аюулгүй байдал, даван туулах чадвар зэрэг асуудлаарх хажуугийн хуралдаанууд явагдах болно.

Ялангуяа олон улсын эдийн засагт хямрал авчирч болзошгүй байгаа тарифын бодлогыг хэрэгжүүлж буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай бусад улс орны төр засгийн тэргүүд анх удаагаа нүүр тулан уулзах гэж байгаа явдал олон улсын анхаарлыг татаж байна.

Трампын хувьд өөрийн “Америк нэгдүгээрт” бодлогын хүрээнд улс орныхоо ашиг сонирхлын үүднээс худалдаа болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг явуулахыг урьтал болгох нь зайлшгүй учраас энэ удаагийн чуулга уулзалтын үеэр ч мөн бусад улс орнуудыг АНУ-тай хийх худалдааны ашгийн зөрүүгээ буулган тэнцүүлэхийн төлөө ажиллахыг уриалах нь тодорхой байгаа юм.

Мөн энэ удаагийн чуулганы үеэр Украины дайн, Газын зурвасын хямрал болон сүүлд Израил-Ираны хооронд үүсээд буй нөхцөл байдал зэрэг аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэх бөгөөд чуулганы хоёр дахь өдөр Украин улс дайны асуудлаар ажлын хурлыг зохион байгуулахаар болсон байна. Олон улсын зочдыг уг хуралдаа урьж оролцуулахаар болоод буй Украины ерөнхийлөгч В.Зеленский  тус улсад үзүүлэх дэмжлэг туслалцааны асуудлыг голчлон ярилцах нь ойлгомжтой.

Мягмар гарагт зохиогдох сүүлийн өдрийн чуулганаар яригдах нэг гол сэдэв бол эрчим хүчний аюулгүй байдал юм. Харин энэ удаагийн “Их Долоо”-гийн дээд хэмжээний чуулга уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргахгүй ба оронд нь энэ жил “Их Долоо”-гийн бүлгийг даргалж буй Канад улсын зүгээс тодорхой сэдвүүдийн хүрээн дэх үр дүнгийн баримт бичгийг тус тусад нь гаргах зохицуулалт хийж байна.

6-р сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Их Долоо”-гийн дээд хэмжээний чуулга уулзалтад 2000 орчим зочид төлөөлөгчид оролцох бол мөн үйл явдлыг дэлхий дахинд дамжуулан сурвалжлахаар 1400 гаруй сэтгүүлч, сурвалжлагч цуглараад байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *