УИХ дахь АН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тус бүлэг өнөөдрийнхөө хурлаас Ерөнхий сайд, шинээр бүрэлдэх ЗГ-т хэд хэдэн шаардлага тавихаар тогтжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэтгүүлчдэд танилцууллаа. Шаардлага:
1-рт, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн нээлттэй ХК болгох, орон тоог 2 дахин цөөлж, үр өгөөж, бүтээмжийг эрс нэмэгдүүлэх шаардлага тавьж байна.
2-рт, Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хяналт шалгалт, татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшилд ноогдох татварын дарамтыг 20%-иар бууруулах, 2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох шаардлага тавьж байна.
3-рт, 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож, төсвийн урсгал зардлыг 20%-иар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө оруулалтын бодлогоор үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний аж ахуйн нэгжүүдийн дунд зарлах, мега төслүүдийг эдийн засгийн ач холбогдлорр нь эрэмбэлэн, үр ашиггүй төслүүдийг хасах
4-рт, “ДЦС 3”-т гарсан ослын улмаас 2025-2026 оны цахилгаан, дулаан хангамж дутагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, салбарын реформыг бодитоор хэрэгжүүлэх замаар эрчим хүчний хараат байдлыг бүрэн халахыг шаардаж байна.
Энэ мэт Монгол Улсад тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх бодлогыг УИХ-д оруулж ирэх, ЗГ-ынхаа бүтэц бүрэлдэхүүндээ эдгээр асуудлыг тусгахыг УИХ дахь АН-ын бүлэг шаардаж байна.