УИХ дахь АН-ын бүлэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эрүүгийн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Энэ 7 хоногт УИХ-ын 20 гишүүний өргөн барьсан Эрүүгийн хуулийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байна. УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл оролцож, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Энэ өөрчлөлт 5 үндсэн зүйл хөндсөн. Үүний 3-ыг нь дурдъя.
1. Эрүүгийн хуульд худал мэдээлэх гэж гэмт хэрэг бий. Хууийн этгээдийн алдар хүндэд халдсан бол гэдэг ойлголт бий. Эрүүгийн хуульд сүүлд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор үүнийг ашиглан, төрийн байгууллагууд гомдол гаргадаг болсон. Бидний алдар хүндэд халдлаа гэж иргэнтэйгээ заргалддаг жишиг тогтоод, шүүхийн нэлээд хэдэн шийдвэр гараад, цөөнгүй иргэн ял шийтгүүлсэн.
1992 оны ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаагаар бол төр нь иргэнтэйгээ өрсөлдөхүйц нэр төртэй байхыг хориглодог. Нэр төр гэдэг ойлголт бол зөвхөн иргэний эрх чөлөөний нэг хэсэг байдаг. Гэтэл төр нь иргэнээсээ давсан нэр алдартай байх гажуудал бий болж эхэлсэн.
Ардчилсан улсад төр нь хуулийн этгээдийн эрх эдэлдэг ганцхан тохиолдол байдаг. Энэ бол иргэний маргаанд. Гэтэл иргэний болон нийтийн эрх зүйд төр үүнийг ашиглаж байгаа байдлыг халахын тулд Эрүүгийн хуульд заасан “Хуулийн этгээд гэдэг ойлголтод төр хамаарахгүй” гэдэг тайлбар хийж өгч байна.
2. Нийгэмд аюултай шинж чанар, хор уршиг гэх мэт ойлголтыг 2017 онд Эрүүгийн хууль оруулсан байна лээ. Ийм социалист ойлголтыг 2015 онд халсан байсан. Шүүхээс гарч буй бараг бүх шийдвэрт нийгмийн хор аюулыг үнэлэх, нийгэмд аюултай шинж чанараар нь гэх мэтээр шийтгэх тогтоол уншиж байгаа.
Энэ ойлголтыг халахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байна. Ардчилсан улсууд хуульдаа хэмжигдэхүйц маш тодорхой ойлголт бичиж байж хүнийг буруутгадаг. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэдгийг хэмжих ямар ч боломж байхгүй. Хэт субьектив зүйлээр хүнийг шийтгэж байгаа заалтыг Эрүүгийн хуулиас хасахаас өөр аргагүй байгаа.
3. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг ойлголтыг хэт хавтгайруулснаас болоод, энэ нууцыг хадгалах үүрэггүй этгээдийг хүртэл шийтгэдэг жишиг тогтсон. 1 бус сэтгүүлчийг хүртэл шийтгэсэн. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудлыг 2015 онд Эрүүгийн хуульд тусгасан, анхны үзэл санаагаар нь буцаан бичиж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг ойлголтыг зөвхөн энэ нууцыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтнуудад, хууль сахиулагчдад үүрүүлж байна. Бусад иргэнд хариуцлага тооцох бол нууцалсан гэрч гэдэг ганцхан тохиолдолд тооцно. Нууцалсан гэрчийг мэдсэн этгээд, мэдээллийг нь ил болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно. Тэрнээс бусад, хавтаст хэрэгт байгаа мэдээлэл, үйл явц, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг мэдээлсэн иргэн бол энэ хууль батлагдсаны дараа Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхгүй.