Трампын 79 насны төрсөн өдөр, АНУ-ын армийн 250 жилийн ой болон Трампын эсрэг “No Kings” жагсаалууд зэрэгцэв


Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын 79 насны төрсөн өдрийн баяр, тус баяртай давхцуулан зохион байгуулсан АНУ-ын армийн 250 жилийн ойд зориулсан цэргийн жагсаал болон мөн АНУ-ын хэмжээнд олон хотуудад зохион байгуулагдсан Трампын эсрэг “No Kings” жагсаал цуглааны арга хэмжээ зэрэгцэн явагдлаа.

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй хууль бус цагаачдыг олноор нь баривчилж, албадан гаргах ажиллагаа болон Лос Анжелес хотод үүссэн үймээн самууны улмаас Үндэсний Гвард, тэнгисийн явган цэргийг олон мянгаар нь дайчилж, энгийн иргэдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан Нью Йорк, Денвер, Чикаго, Сан Антонио, Остин, Сиэттл, Индианаполис, Сент Льюис, Ралей, Лос Анжелес гэх зэрэг тус улсын томоохон хотуудын төв талбайд зохион байгуулагдсан байна.

Авторитар дэглэмийг эсэргүүцэж, ардчилал, хүний эрх, цагаачдын эрхийг хамгаалахын төлөө зохиогдсон “No Kings” буюу “Хаад үгүй” хэмээх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс улс орон даяар явагдсан тус арга хэмжээнд олон сая хүн оролцсон хэмээн мэдэгджээ.

Трампын хувьд Лос Анжелест үүссэн үймээн самууныг зохицуулахын тулд Үндэсний Гвардын 4000, тэнгисийн явган цэргийн 700 албан хаагчдыг тус хотод илгээхийг тушаасан бөгөөд одоогоор Лос Анжелест 1000 орчим цэрэг дайчлагдан идэвхитэй ажиллаж байгаа ажээ. Трампын тушаалаар ийнхүү цэрэг дайчлахад 134 сая ам.доллар зарцуулсан талаар Пентагоны зүгээс мэдэгдсэн юм.

Тэгвэл мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын 79 насны төрсөн өдөр, АНУ-ын Арми үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ой давцхаж, нийслэл Вашингтон хотноо цэргийн жагсаал зохион байгуулагдсан байна.

АНУ-ын Армийн 250 жилийн ойд зориулсан цэргийн парад Вашингтон хотын Үндсэн хуулийн өргөн чөлөөгөөр явж өнгөрсөн бөгөөд парадад 6000 гаруй цэргийн албан хаагч, 150 байлдааны машин техник, агаарын зэвсэгт хүчний үзүүлбэрүүд, цэргийн хамтлагийн үзүүлбэр, жагсаалын дараах урлагийн тоглолт, салютын шоу үзүүлбэр гээд томоохон хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. АНУ-ын Армийн 250 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төсөв зардал ойролцоогоор 45 сая ам.доллар байжээ.

Хамгийн сүүлд АНУ-ын нийслэл Вашингтон хотод 1991 онд Персийн булангийн дайны ялалтыг тэмдэглэх хүрээнд томоохон хэмжээний цэргийн парадыг зохион байгуулж байсан түүхтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *