“Ferrari” баг гурав дахь жилдээ дараалан Ле Ман тэмцээнд аваргалж байна


Италийн автомашин үйлдвэрлэгч “Ferrari” компанийн баг өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн 2025 оны Ле Ман тэмцээнд түрүүлсэн байна.102 жилийн түүхтэй тус тэмцээнд “Ferrari” багийнхан ийнхүү 12 дахь удаагаа ялснаас гадна мөн гурав дахь жилдээ дараалан аварга боллоо.

24 цагийн турш зогсолтгүй уралддаг дүрэмтэй Ле Ман тэмцээнд оролцсон “Ferrari” багийн шар өнгөтэй, 83 дугаартай “Ferrari 499P” уралдааны автомашиныг Польшийн тамирчин Роберт Кубица жолоодож тэргүүлсэн байна. Энэ жил “Ferrari”-гийн багт Польшийн уралдааны жолооч Роберт Кубица, Хятадын уралдааны жолооч Е Ифэй, Их Британийн уралдааны жолооч Филип Хэнсон нар багтжээ. Роберт Кубица ялагчийн туг, цомыг өргөжээ. 40 настай Роберт Кубица болон 25 настай Е Ифэй нарын хувьд Ле Ман тэмцээнд ялсан Польш болон Хятадын анхны тамирчид боллоо.

Тэмцээний хоёрдугаар байрт Кевин Эстре, Лоренс Вантхоор, Мэтт Кэмпбелл нарын жолоодсон 6 номерын “Porsche 963” загварын уралдааны машин оров. Тэд тэмцээний ялагч “Ferrari” багаас 14 секундын дараа барианд орсон байна.

2025 оны Ле Ман тэмцээний LMP2 төрөлд Польшийн “Inter Europol Competition” баг, GT3 төрөлд Германы “Manthey Racing” тус тус тэргүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *