ХҮН-ын Төлөөлөх зөвлөлийн шийдвэрийг тус намын гишүүн П.Ганзоригоос тодрууллаа. Түүнийг Боловсролын сайд болгохоор ХҮН ярилцсан гэх мэдээлэл гарсны дараа тэр нэрээ татан, татгалзаж буйгаа мэдэгдсэн юм.
П.Ганзориг:
-Өнөөдөр ХҮН-ын Төлөөлөх зөвлөл хуралдсан. Ерөнхий сайд Г.Занданшатараас ЗГ-т хамтарч ажиллах санал гаргасныг ХҮН-ын Төлөөлөх зөвлөл 97%-ийн саналаар хүлээн авч, “Эх орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд хамтарч ажилла” гэдэг шийдвэр гаргасан. Үүний хүрээнд ХҮН-аас тодорхой яам, сайд гээд хувилбар ярьсан. Бид 2024 онд хамтарсан ЗГ-т орохдоо боловсрол, эрчим хүч, төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах чиглэлд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт бодлогуудаа оруулсан. Үүнийгээ үргэлжлүүлээд, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж нам үзсэн. Намын тодорхой түвшинд хувилбар яригдсан.
Би өөрөө энэ удаад ЗГ-т орж ажиллахгүй. Намаас яг энэ салбараа аваад явчих чадалтай олон залуучууд байгаа. Тэднийгээ дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Манайхаас Шадар сайдаар Т.Доржханд, Боловсролын сайдаар П.Наранбаярыг үргэлжлүүлж ажиллахыг дэмжсэн.
-Танай намд сайдын 2 квот өгсөн юм уу. Квотоо нэмэх санал тавиагүй юу?
-Тооноос илүүтэй ХҮН бол үнэхээр улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэх гэж засагт орж байгаа. Олон хүнийг сайд, дарга болгоё гэдэг зорилго байхгүй. Эрчим хүчний реформ хийх, хамгийн галтай сэдвийг манай сайд нар авч, эрчим хүчний хараат байдлаасаа гаръя, цаашлаад экспортлогч улс болъё гэж зорьж байгаа. Яг үүн шиг багш нарын үнэлэмж, боловсролын чанар, хүртээмж гээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхээр, энэ том салбарыг авч явахаар зориод ажиллаж байгаа. Үүн дээрээ нэр төртэйгөөр, үр дүн гаргаж ажиллана.
–П.Наранбаяр сайдыг сайн ажиллаж чадаагүй гэж үзсэн учраас таны нэрийг оруулж ирсэн юм уу. Ямар шалтгаанаар таны нэр яригдсан юм бэ. Сайдын сонгон шалгаруулалтаа ХҮН дотроо яаж явуулсан бэ?
-Нэр орж ирээгүй ш дээ. Намын тодорхой түвшинд яригдаж байсан, эрчим хүчний салбарыг тухайлбал ХҮН аваад, тэргүүлээд явах боломжтой. Үүн дээр бас хувилбар яригдаж байсан. Яг намаас албан ёсоор гаргасан шийдвэрийг би сая хэллээ. П.Наранбаяр сайд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлээд, үр дүн гаргах ёстой.
-Эрчим хүчний салбарыг танай нам авч чадаагүй юм уу?
-Ерөнхий сайдад бас ЗГ-ынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг ямар байлгах вэ гэдэг бодлого байгаа л даа. Эрчим хүчний салбарт сайд тавиагүй гээд ХҮН хойшоо суухгүй. Харьяалагдаж байгаа яамаараа хязгаарлагдахгүйгээр бүх салбарт анхаарч ажиллана.