Аргентины экс-ерөнхийлөгч Кристина Кирхнер 6 жилийн хорих ялаа гэрийн хорионд эдлэхээр болжээ


Өдгөө 72 настай Аргентины экс-ерөнхийлөгч Кристина Кирхнерт албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр тус улсын Дээд шүүхээс 6 жилийн хорих ял оноож, түүний төрийн албанд томилогдох эрхийг нь насаар нь хориглох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.

Тэгвэл Кристина Кирхнерын зүгээс ялаа шоронд эдлэхээс зайлсхийх хүсэлтийг шүүгч зөвшөөрсний дагуу тэрээр энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн 6 жилийн хорих ялаа цахилгаан гав зүүж, гэрийн хорионд эдлэхээр болсон байна.

Түүний өмгөөлөгчдийн багийн зүгээс төмөр торны цаана хорилгүй, гэрийн хорионд ялыг нь эдлүүлэхээр болсон шүүхийн шийдвэрийг хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

Кристина Кирхнер нийслэл Буэнос Айрес хот дахь гэрээсээ гарах эрхгүй бөгөөд гэр бүлийн гишүүд, хуульч өмгөөлөгч нар болон эмч гэсэн хязгаарлагдмал хүрээний хүмүүс түүн дээр зочилж, очих боломжтой гэдгийг шүүхээс мэдэгджээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт түүнийг “хөршүүд, ойр орчмын оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах аливаа үйлдлээс зайлсхийхийг” үүрэг болгосон байна.

Түүнийг дэмжигчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, лхагва гарагт томоохон жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалсан бол Аргентины ихэнх ард түмэн төрөөс зарласан тендерийг өөрийн хүрээллийн бизнест авч өгч байсан хэргээр экс-ерөнхийлөгчид хорих ял оноосон явдлыг шударга шийдвэр гэж үзэж байгаа юм.

2007-2015 оны хооронд Аргентин улсын ерөнхийлөгчийн албыг хашсан Кристина Кирхнер нь экс-ерөнхийлөгч Карлос Саул Менемын араас хорих ял сонссон хоёр дахь төрийн тэргүүн болж байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *