Америкийн цахим худалдааны тэргүүлэгч “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси компанийн ажилтнууддаа илгээсэн албан захидалдаа тус компани дахь ажлын байруудыг хиймэл оюун ухаан орлох болно гэдгийг мэдэгджээ. Тэрээр бүх ажилтнууддаа мягмар гарагт албан захидал илгээсэн бөгөөд үүндээ ойрын жилүүдэд компанийн ажиллах хүчнийг цөөлж, технологи буюу хиймэл оюун ажлын байрыг орлох болно гэдгийг анхааруулсан байна.
Хиймэл оюун ухаан нь компанид “үр ашгийн өсөлт”-ийг авчирна гэж найдаж байгаагаа Энди Жасси хэлж, энэ нь компанид ажиллах хүчээ багасгах боломжийг олгоно гэжээ. “Өнөөдөр хийж байгаа ажлыг ирээдүйд цөөн тооны хүн хийдэг болох ба харин өөр бусад төрлийн ажлын байранд илүү олон тооны ажилтан шаардлагатай болох болно” хэмээн “Amazon” компанийн гүйцэтгэх захирал хэлсэн байна.
Ойрын ирээдүйд хиймэл оюуны технологи “цагаан захтнууд” буюу оффисын ажилчдын бараг тал хувийг нь орлох талаар салбарын судлаач, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа бол сүүлийн жилүүдэд компаниуд, ялангуяа технологийн салбарын компаниудын хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдээд байгаа юм.
“Amazon” компанийн тухайд өнгөрсөн оны сүүлийн байдлаар Дэлхийн хэмжээнд нийт 1.5 сая ажилтантай байсан ба эдгээрийн дийлэнх нь АНУ дахь ажилтнууд юм. Мөн Америк дахь тус компанийн ажилтнуудын дийлэнх нь агуулахын ажилтнууд боловч компанийн оффист 350 мянга орчим ажилладаг байна.
Amazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси мэдэгдэлдээ “Өнөөдөр тус компанийн өнцөг булан бүрт хиймэл оюун ашиглаж байгаагаас гадна хагас сая хэрэглэгч, үйлчлүүлэгчид мөн “Amazon”-ы хиймэл оюуны хэрэглүүрүүдийг ашиглаж байна” хэмээн онцолжээ.