АНУ-ын Иранд цохилт өгөх төлөвлөгөөг тус улсын ерөнхийлөгч Д.Трамп батласан ч эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээ. Энэ талаар хамгийн анх Wall Street Journal сонин мэдээлжээ.
Трампын шийдвэрээ хойшлуулж байгаа шалтгаан нь Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж магадгүй хэмээн харзнаж, хүлээж байгаатай холбоотой талаар нэрээ нууцалсан АНУ-ын тагнуулын удирдах түвшний ажилтны хэлснийг CBS телевиз эш татан мэдээлжээ.
Мөн Трамп Ираны Фордов дахь газар доор уран баяжуулах байгууламжид цохилт өгөх талаар бодож үзэж байгаа гэх мэдээлэл гарчээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсетт мөн лхагва гарагт Сенатын хороонд хийсэн мэдэгдэлдээ Пентагон ерөнхийлөгчөөс ирэх аливаа тушаалыг биелүүлэхэд бэлэн байна гэжээ.
Д.Трамп лхагва гарагт Ираны дээд удирдагч Аяатолла Али Хаменейд хандаж “болзолгүйгээр бууж өгөхийг” уриалсан бол Ираны дээд удирдагч түүний шаардлагыг хүлээж авахаас татгалзсан байна. Тэрээр “АНУ-ын цэргийн хөндлөнгийн оролцоо нь маш ноцтой үр дагавар дагуулах болно, Иран үндэстэн хэзээ ч бууж өгөхгүй” гэжээ.
Үүнийх нь хариуд Трамп “амжилт хүсье” гэж хэлсэн боловч Иранд цохилт өгөх АНУ-ын төлөвлөгөөг нууцалсан байна.
Өнгөрсөн баасан гарагт Израилын талаас Иранд агаарын цохилт үзүүлснээс хойш Ираны дээд удирдагч ийнхүү лхагва гарагт анх удаагаа гарч ирж, дүрстэй мэдэгдэл хийсэн нь энэ юм.
Израил анх Иранд цохилт өгснөөс хойш талууд харилцан дрон болон пуужингаар довтолсоор байна. Израилын зүгээс Ираны цөмийн хөтөлбөртэй холбоо бүхий барилга байгууламжууд, эрдэмтэд болон цэргийнхний байршилд амжилттай цохилт өгч байгаа талаараа мэдэгдэж байгаа бол Ираны зүгээс дуунаас хурдан пуужингаар хариу цохилт өгч, Израилын агаарын довтолгооноос хамгаалах “Iron Dome” системийг нэвтэлж чадлаа гэсэн мэдэгдлийг тодотгоод байгаа билээ.
Харин 10 сая хүн амтай Ираны нийслэл Тегеран хотын оршин суугчид Израилын агаарын довтолгооны улмаас хотыг орхин дайжиж эхлээд байна.
Израилын ерөнхий сайд Б.Нэтаньяху лхагва гарагт хийсэн дүрстэй мэдэгдэлдээ тус улс аюул заналхийлэл учруулж буй Ираны цөмийн байгууламжууд болон балллистик пуужингийн нөөцийг устгах ажиллагааг шат шатаар амжилттай гүйцэтгэж байгаагаа тодотгов.
Энэ үеэр мөн анхнаасаа Израилын цохилтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн АНУ-ын зүгээс Ойрхи Дорнод дахь цэрэг, зэвсгийн хүчээ төвлөрүүлэн зузаатгаж эхлээд байна. Персийн буланд байрлаад буй байлдааны сөнөөгч онгоцуудыг тээвэрлэгч USS Carl Vinson хөлөг онгоц дээр нэмэгдэж USS Nimitz хөлөг онгоц зүүн өмнөд Азийн бүс нутгаас ирж яваа талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Мөн F-22, F-35 загварын сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд Европоос Ойрхи Дорнодын бүсийг чиглэн нисэж өнгөрсөн талаар нислэгийн хяналтын газруудаас мэдээлсэн байна.
Түүнчлэн Израил болон Иран улсад байгаа иргэдээ татан авах ажлуудыг дэлхийн улс орнууд эхлүүлээд байгаа нь нөхцөл байдал ямаршуу хэмжээнд хүрч очиж хурцадсан, ямар аюултай нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг харуулж байна.
Өнгөрсөн баасан гарагаас хойш үзүүлсэн Израилын цохилтын улмаас Иран улсад 585 хүн амь үрэгдээд байгаа талаар Вашингтон хотноо байрлах Human Rights Activists байгууллагын зүгээс мэдээлсэн бол Ираны зүгээс харвасан 400 орчим пуужингийн цохилтын улмаас Израилд 24 хүн амь үрэгдсэн талаар тус улсын эрх баригчид мэдэгдээд байна.