ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Зеленскийтэй уулзахад бэлэн гэдгээ мэдэгдэв


ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахад бэлэн гэдгээ пүрэв гарагт илэрхийлээд байна.

Тэрээр хэлэхдээ ОХУ энэ дайныг аль болох түргэн хугацаанд дуусгахыг хүсэж байгаа бөгөөд Украин болон түүний барууны түншүүдийн явуулахыг эрмэлзэж буй яриа хэлэлцээг хийхэд бэлэн байна гэв.

В.Путин олон улсын томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн ерөнхий редакторуудтай хийсэн дугуй ширээний уулзалтын үеэрээ мөн Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахад бэлэн, түүнтэй уулзах хүсэлтэй байна, энхийн яриа хэлэлцээнд Украин улсыг хэн төлөөлөх нь ОХУ-д ямар ч хамаагүй, гэхдээ тус улсын ерөнхийлөгчтэй хийх уулзалт нь Орос, Украины хэлэлцээний төгсгөлийн шатанд байх болно гэдгийг тодотгосон байна.

Кремлийн зүгээс дайн эхэлснээс хойш В.Зеленскийг “хууль бус ерөнхийлөгч” хэмээн цоллож, түүний нэр хүндийг унагахыг оролдсоор ирсэн юм. Үүнийг нь Д.Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа мөн давтаж, Зеленскийг “ерөнхийлөгчийн сонгууль явуулахаас татгалзсан, дарангуйлагч болж хувирсан комедиан” хэмээн хэлж байсан билээ.

Харин дайны нөхцөл байдалд Украин улсад аливаа сонгууль явуулахыг хуулиар хориглосон байдаг бөгөөд 2022 оны 2-р сард Оросын тал Украинд түрэмгийлэн халдан довтолж, дайн эхэлснээс хойш тус улсад ямар ч сонгууль явагдаагүй юм. Мөн түүнчлэн Украин улсын хуулийн дагуу аливаа сонгууль аюулгүй, ямарваа нэгэн саад бэрхшээлгүй, тэгш байдлаар явагдах ёстой байдаг ба Оросын зүгээс Украины энгийн иргэд болон иргэний дэд бүтцүүд рүү довтолж байгаа нөхцөлд сонгууль явуулна гэдэг боломжгүй зүйл ажээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин мөн хэлэхдээ, “ОХУ байлдаанд амиа алдсан 6000 гаруй цэргийн цогцсыг Украинд хүлээлгэн өгч, Украинаас байлдаанд амиа алдсан Оросын 57 цэргийн цогцсыг хүлээн авсан, дахин Украины 3000 цэргийн цогцсыг тус улсад хүлээлгэн өгөхөд Оросын тал бэлэн байна” гэжээ.

ОХУ-ын хэлэлцээний төлөөлөгчид Украины талтай харилцаа холбоогоо хадгалж, хоёр талын ээлжит яриа хэлэлцээг 6-р сарын 22-ноос хойш үргэлжлүүлэхээр төлөвлөсөн талаар мөн эх сурвалжууд мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *