ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Израил-Ираны асуудлыг хэлэлцжээ


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар пүрэв гарагт утсаар холбогдон, Израил-Ираны хооронд үүсээд буй хурцадмал асуудлыг хэлэлцсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Хоёр улсын төрийн тэргүүнүүд Израилын алхмыг хатуу буруушааж, “НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл болсон” хэмээн тодотгосон” гэжээ.

Ушаков “Тэд одоогийн нөхцөл байдал болон Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хүчээр шийдвэрлэх боломжгүй гэсэн зарчмын байр суурь баримталсан” гэв. Үүгээрээ тэрээр Израил-Ираны зөрчилдөөнд хөндлөнгөөс оролцохыг үгүйсгээгүй АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааг егөөдөөд амжсан байна.

Ши Жиньпиний байр суурийг мөн БНХАУ-ын ГХЯ-наас нийтэлсэн бөгөөд АНУ-ыг тэвчээртэй байхыг уриалсан байна. Ши Жиньпин В.Путинд “Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа холбогдох талуудад онцгой нөлөө үзүүлдэг томоохон улс орнууд нөхцөл байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргах ёстой. Бүх талуудтай харилцаа холбоо, зохицуулалтаа үргэлжлүүлэн сайжруулж, Ойрхи Дорнодын энх тайвныг сэргээхийн төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ч мөн шаардлагатай бол мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа дахин нотолсон бөгөөд хоёр улсын удирдагчид ойрын өдрүүдэд холбогдох яамдаараа дамжуулан мэдээлэл солилцож, зохицуулалт хийхээр тохиролцсон байна.

Ши, Путин нар мөн энэ долоо хоногийн эхээр зохиогдсон “Их Долоо”-гийн дээд хэмжээний чуулга уулзалтыг хөндсөн бөгөөд Ушаковын хэлснээр, Путин, Ши Жиньпин нар дээд хэмжээний уулзалтыг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хувьд амжилтгүй мөч болсон гэж үзжээ. Хоёр удирдагч Орос, Хятадын хоёр талын харилцааг үргэлжлүүлэн дүгнэж, 9-р сарын 2-нд Хятадад бүрэн хэмжээний хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *