МОНЦАМЭ агентлагийн хэсэг сэтгүүлч өнөөдөр агентлагтаа хэвлэлийн хурал хийж, агентлагт нь үүсээд буй асуудлын талаар тайлбарлалаа.
Мэдээлэл, технологийн албаны дарга С.Баярсайхан:
-МОНЦАМЭ агентлагийн хамт олон бол ардчилсан зарчмаар, өөрсдөө сайн дураараа үзэл бодлоо илэрхийлж, агентлагийнхаа эрх ашиг, хамт олныхоо эрх ашгийг шийдэхийн тулд асуудлаа удирдах дээд байгууллагадаа өргөн барьсан байгаа. Энэ өргөн барьсан бичиг, баримтыг үндэслэн, манай удирдах дээд байгууллагаас манай даргыг албан ёсоор чөлөөлсөн шийдвэр гарсан.
Өнгөрсөн хугацаанд олон жил ажилласан, олон ч даргын нүүр үзсэн. Энэ хугацаанд хамт олны 84% байтугай 8 хүн нийлээд, удирдлагынхаа арга барилд сэтгэл дундуур байна гээд өргөх бичиг бариад явсан түүх МОНЦАМЭ-д байхгүй. Эндээс юу харагдаж байна гэхээр хамт олон маань агентлагийнхаа эрх ашиг, хамт олныхоо эрх ашгийн төлөө үүнийг хийж яваа. Манай агентлагийн олонх нь залуучууд. Сошиалаар “Ахмад настай, хуучны хэдэн хүн нийлээд, хүн амьтныг турхираад, ийм асуудал үүсгээд яваад байна” гэсэн юм яваад байгаа. Манай залуучууд өөрсдийнхөө үзэл бодлоор, хамт олноо гэсэн, агентлгийнхаа эрх ашгийг хамгаалах гэсэн хүсэл зорилгоороо л энэ асуудалд хандаж, өөрсдөө сайн дураараа гарынхаа үсгээ зурсан.
Манай агентлагт одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг зарим мэдээллийн хэрэгслээр удирдлагын хооронд, эрх мэдлийн төлөөх зөрчил гэж ойлгуулах гэсэн юм яваад байна л даа. Ийм юм байхгүй. Яагаад гэхээр бүх зүйл ардчилсан зарчмаар явж, удирдах байгууллага нь шийдвэрээ гаргасан гэдгийг хэлмээр байна. Нийт албан хаагчдын, байгууллагын эрх ашгийн төлөө хийсэн манай хамт олны үйл ажиллагааг өөрийгөө зөвтгөсөн, хов жив ярьсан, гүтгэсэн явдалтай битгий холиорой.
“Хүмүүн бичиг” сонины ахлах редактор, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяа:
-Э.Содонтогос даргын МОНЦАМЭ агентлагт хэрхэн ажиллаж байгаа тухай баримттай мэдээллийг өөрсдөө сайн дураараа гарын үсгээ зурж, өргөн барьсан. Бичгээ өчигдөр буюу 6-р сарын 19-нд нийгмийн сүлжээнд ил тод байрлуулсан. Энд давтагдаагүйгээр гарын үсэг зурсан 74 хүн байна. МОНЦАМЭ агентлаг нийтдээ 90 гаруй хүнтэй. Үүний 20 нь Монгол Улсын 20 аймагт байдаг. Өвчтэй, томилолтоор явсан хүмүүст мэдээлэл хүрээгүй байсан. Сүүлийн үед энэ хүмүүс нэмэгдээд, 90 дөхөж байгаа гэсэн мэдээлэл авсан.
Ямар агуулгатай шаардлага тавьсан бэ гэхээр манай агентлагийг сүүлийн 2 жил гаруй хугацаанд удирдаж байгаа Э.Содонтогос даргын ёсзүйгүй асуудал, зан суртахууны доголдол, дээрэнгүй ааш авир хэрээс хэтэрсэн тухай. Томилсон байгууллага буюу Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт хүргүүлж, зохих ёсны арга хэмжээ авч өгөөч гэсэн агуулгатай бичиг илгээсэн юм. Бидний бичгийг нухацтай судалж үзсэн байж таарна. Ингээд Э.Содонтогос дарга маань өнөөдөр ажлаа өгсөн. МОНЦАМЭ агентлаг өнөөдөр албан ёсны даргагүй, орлогч дарга нь өдөр тутмынхаа ажлыг удирдаад, сэтгүүлч, гэрэл зурагчид, зураглаачид маань энэ агентлагийн үйл ажиллагааг 1 ч минут алдагдуулалгүй ажлаа хийж байна.
Тэр бичгийг бид хэний ч шахалт шаардлага, дарамтгүйгээр өргөн барьсан гэдгийг биеэрээ хэлэх гэж цугласан юм. Би ийм санаачилга гаргасныг дуулангуутаа өөрийн шийдлээр гарын үсэг зурсан. Э.Содонтогос даргын хэлж байгаагаар манай агентлагийн орлогч Т.Энхтуяа гэж хүн үүнийг зохион байгуулсан, баахан хүн турхирсан, амралтын өдөр заримаар нь гарын үсэг зуруулсан, архи өгсөн, албан тушаал амласан гэж гүжир гүтгэлгийг өчигдрөөс эхлээд тараалаа.
Бид бол харамсаж байгаа. Монголдоо алдартай, англи хэлний тэргүүн зэргийн дуун хөрвүүлэгч, энэ сайхан сэхээтэн хүнтэй бид сайхан ажилласан. Энэ хүний эрдэм мэдлэгийг хүндэтгэсэн. Үнэхээр ажил мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын сайхан сэхээтэн, орчуулагч, дуун хөрвүүлэгч хүн юм аа. Үүнийг манай МОНЦАМЭ агентлагийн хамт олон ердөө ч, ганц удаа ч үгүйсгээгүй.
Гагцхүү энэ хүний удирдах арга барил, ёс суртахуун, зан суртахуун, хууль ёсыг дээдэлдэггүй, хүнийг дээрэнгүй загнадаг, дарамталдаг. 51 хүнийг ажлаас гаргахад хүргэсэн.
Сая бичиг өргөн барьсан явдал бол 3 дахь удаагийн тохилдол юм байна лээ. Би ч өмнөх 2-ыг нь сайн мэдээгүй. Манай сэтгүүлч нар зарим санаачилгыг нь зогсоож байсан гэсэн. Б.Хандмаа дарга надад хэлсэн. Болохгүй ээ, “Удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ. Бид одоо улам сайн ажиллах ёстой” гэж тэвчиж өнгөрөөсөн юм байна лээ. Байгууллагын 84 хувь нэгдэнэ гэдэг бол дээд цэгтээ хүрээд, тэсэрсэн гэсэн үг.
Энэ байгууллагаас цалин авч, энэ байгууллагын нэр нүүр болж, энэ байгууллагаар өөрийгөө сурталчилчхаад, манай ард түмний жирийн 1 сайхан үг байдаг юм. “Уусан худагтаа баав” гэгчээр эргээд энэ байгууллагаа элдвээр гүжирдэн гүтгэж, доромжилж байгаад бид харамсаж байна. Энэ худал мэдээллийг цаг тухайд нь няцаахгүй бол Э.Содонтогос даргын хэлж байгаа үг мэдэээлгүй хүмүүст үнэн юм шиг сэтгэгдэл төрүүлж эхэлсэн. МОНЦАМЭ-д болж буй үйл явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэж байна. ХЭҮК, МСНЭ анхааралтай ажиглаж байгаа гэдэгт итгэж байна. Манай агентлагийн онцлогийг ойлгодог, албан хаагчдын эрх ашгийг хамгаалдаг дарга томилогдоосой гэж бодож байна.
“Мэнгу сяосибао” сонины ахлах редактор Мөнхтуул:
-Өчигдөр Э.Содонтогос дарга Time.mn саитад ярилцлага өгсөн байна лээ. Энэ ярилцлагын зарим мэдээлэлд бодитой тайлбар өгье. Э.Содонтогос дарга “Мэнгу сяосибао” сонины 2 нүүр дамнуулаад “Синхуа” агентлагийн мэдээг хятадаар тавьдаг. Хамгийн гол нь тэнд ямар мэдээ гарч байгааг хянадаггүй байсан” гэж хэлсэн байна лээ. МОНЦАМЭ агентлаг Дэлхийн 27 агентлагтай албан ёсоор гэрээ байгуулан, хамтарч ажилладаг. “Синхуа” агентлагтай хамгийн анх 1956 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ бол 1958 онд байгуулсан гэрээ. Үүний 1-р заалтад ““Синхуа”-гийн бүх мэдээ, тэрчлэн “Синхуа”-аас МОНЦАМЭ-гийн нэр дээр шууд дамжуулах мэдээ, БНМАУ-ын хэвлэл, дотоодын радио нэвтрүүлэгт ашиглах эрхийг Монголын цахилгаан мэдээний газар МОНЦАМЭ-д олгов”. Үе үеийн дарга нарын байгуулсан ийм гэрээ байгаа. 2013 онд МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуягийн байгуулсан гэрээ. “Хятадын мэдээллийн “Синхуа” агентлагийн Улаанбаатар дахь салбар Монгол Улсын “Монголын мэдээ” хятад хэл дээрх сонинтой “Синхуа” агентлагаас цацдаг хятад хэлний зургийн мэдээ, хятад хэлний мэдээг нийлүүлэх, ашиглах тухай хэлэлцэн, тохиролцож, дараах хэлэлцээрийг байгуулав” гэсэн байна.
Э.Содонтогос даргын хэлснээр бол манай сонин 2 нүүр дамжуулж, Хятадын тухай мэдээллийг түгээдэг гэсэн. Та бүхэн манай сониныг хараад, 2 нүүр дамнуулсан байна уу, 1 нүүрэнд тавьсан байна уу гэдгийг хянаж болно. Одоо чинь хятад хэлтэй хүн олон болсон. Бид энд зөвхөн үе үеийн даргын гэрээний дагуу 1 нүүрэндээ “Синхуа” агентлагийн сурвалжлагч нарын Монгол орны тухай дандаа эерэг агуулгатай мэдээллийг тавьсан байгаа.
Энэ оны 2-р сард, саяхан байгуулагдсан Орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийн үнэлгээний төв гэж байгууллага байдаг юм байна. Энэ байгууллагыг нэгэн ТББ байгуулсан. Энэ байгууллагын хамгийн анхны туршилтын шалгалт сорилтод бид бүхний хятад, англи, орос, японы хэлний орчуулагчдыг орохыг шаардсан. Бид төрийн агентлагийн олон жилийн туршлагатай орчуулагч нар. ТББ-ын анхны туршилтын тестэнд, батлагдаагүй сорил шалгалтад орохоос татгалзсан. Шалгалтанд ороогүйн төлөө миний бие болоод, миний доор ажилладаг 2 орчуулагч, бид 3-ын ур чадварын нэмэгдлийг 2 сар хассан.