Трамп “TikTok”-ийн хоригийг 90 хоногоор хойшлууллаа


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “TikTok” аппликэйшны эсрэг хэрэгжүүлэхээр болсон хоригийг ахин сунгаж, 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ. Тус улсын Конгресс өнгөрсөн жил “TikTok”-ийг АНУ-д бүртгэлтэй хуулийн этгээд, компанид худалдах, эс бөгөөс тус аппликэйшныг АНУ-д хориглох тухай хууль баталсан.

Хууль тогтоогчид тус аппликэйшныг Америкийн олон сая иргэний хувийн мэдээллийг Хятадын Засгийн газарт дамжуулж болзошгүй гэсэн шалтгаанаар АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байна хэмээн үзсэн ч Хятадын “ByteDance” компанийн эзэмшил болох “TikTok” түүнийг нь үгүйсгэж байсан билээ.

Харин тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Д.Трамп “TikTok”-ийг аварна хэмээн амлаж байсан бөгөөд тэрээр пүрэв гарагт “TikTok”-ийн эсрэг хоригийг 90 хоног сунган, хойшлуулж байгаагаа мэдэгдсэн байна. Уг хориг энэ оны эхээр буюу 1-р сарын 19-нээс үйлчилж эхлэх ёстой байсан ч маргааш өдөр нь тангараг өргөж, албандаа орсон Ерөнхийлөгч Д.Трамп тус хоригийг 75 хоногоор хойшлуулж байгаагаа зарласан бол дараа нь тэрээр хоригийг 6-р сарын 19 хүртэл хойшлуулсан юм.

Тэгвэл ийнхүү 6-р сарын 19-ний өдөр тэрээр “TikTok”-ийн эсрэг хоригийг 90 хоногийн хугацаатайгаар гурав дахь удаагаа хойшлууллаа. Трамп өөрийн нийгмийн сүлжээний “Truth Platform” хуудсанд “ByteDance” компанийг 9-р сарын 17-ноос өмнө “TikTok”-ийг АНУ-д бүртгэлтэй хуулийн этгээд, компанид худалдах гэрээ байгуулсан байх ёстой хэмээн бичсэн байна.

“TikTok” Ерөнхийлөгчийн шийдвэртэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “АНУ дахь 170 сая хэрэглэгчдэд тус аппликэйшныг үргэлжлүүлэн хэрэглэх боломж олгож, дэмжлэг үзүүлж буй Ерөнхийлөгч Трампын манлайлалд талархаж байна. Бид Дэд ерөнхийлөгч Вэнсийн албатай үргэлжлүүлэн ажиллах болно” гэжээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *