Улсын хэмжээнд өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар 5 түймэртэй байна. Үүний 3 нь Сэлэнгэ аймагт гарчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гахайтын голын эхэнд энэ сарын 19-нд гарсан ой, хээрийн түймриыг тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь 55 дугаар ангийн албан хаагчид, Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд хамтран 6-р сарын 22-ны өдрийн 12:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн Тэргийн голд түймэр гарсныг 6-р сарын 19-ний өдрийн 19:10 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатаар ахлуулсан албан хаагчид, Үндэсний аврах бригад, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын нийт 63 хүн, 2 автомашин, 4 морьтойгоор уг түймрийг унтрааж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргонтолгойд өчигдөр өдрийн 11:32 цагт ойн түймэр дэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа Э.Мөнхбаатараар ахлуулсан албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны нийт 40 хүн, 9 автомашин ашиглан уг түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багт өчигдөр өдрийн 15:55 цагт түймэр дэгдлээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын ГХУХ-ын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Шаамар сумын Мэргэжлийн анги, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан, Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны нийт 78 хүн, 12 автомашин, 1 мотоциклтойгоор очиж, тэрхүү ойн түймрийг унтрааж байна.
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Урд Агяа тайгад түймэр гарсныг өчигдөр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газар сансрын зургаар илрүүлжээ. Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Мэргэжлийн ангийнхан, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид уг түймрийг унтраахаар явжээ.