Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний 5 жилийн ой тохиож байна


Даваа гарагт Бээжингээс тогтоон хэрэгжүүлж буй Хонконгийн үндэсний аюулгүй байдлын хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний 5 жилийн ой тохиож байна.

Эх газрын Хятадын засгийн газрын эсрэг Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтнүүд, ард иргэд, оршин суугчдын үйл ажиллагааг нухчин дарж, “төрийн төмөр нүүр”-ийг үзүүлэхэд ашигласан энэхүү хууль 2020 оны 6-р сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжиж эхэлсэн юм.

Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш Бээжингийн талыг баримтлагч Хонконгийн эрх баригчид ардчиллыг дэмжигч улс төрчид, идэвхтнүүд, Хятадын засгийн газрыг эсэргүүцэгч бусад иргэдийг баривчилж, олноор нь торны цаана суулгаж хорьсон байдаг.

Түүнчлэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш маш олон тооны ардчиллыг дэмжигч улс төрийн бүлэглэлүүд, байгууллагууд тарсан байдаг билээ.

Тэгвэл ням гарагт өөр нэгэн ардчиллыг дэмжигч байгууллага болох Социал Демократуудын Лиг тарж байгаагаа зарласан байна. Тус улс төрийн байгууллагын тэргүүн Чан По Ин мэдэгдэлдээ “улс төрийн аймшигтай дарамт шахалт, хяхалт хавчлагын улмаас сайтар тунгаан бодсоны эцэст бүлгийг тараах шийдвэрийг гаргасан, бидэнд өөр ямар ч сонголт байсангүй” гэжээ.

Социал Демократуудын Лиг бүлэг олон жилийн турш ажилчдын эрх, бүх нийтийн сонгох эрх болон бусад шалтгааны төлөө тэмцсээр ирсэн бөгөөд Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ч гудамжинд улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан ажээ.

Дээрх бүлэг татан буугдсанаар Хонконгт ардчиллын төлөө үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага бараг байхгүй болж байгаа бөгөөд нэгэн цагт Хонконгийн улс төрийн хамгийн том хүчин байсан Ардчилсан нам мөн тарж, татан буугдах үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдгээ энэ оны 2-р сард зарлаж байсан билээ.

Хонконгийн засгийн газраас мэдээлснээр БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс гэгддэг тус бүсийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэх хэргээр 330 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэднээс 160-ыг нь буруутай болохыг шүүхээр тогтоосон гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *