УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас “Сургалтын байгууллагын менежмэнтийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхэд өмнөх болон одоогийн Боловсролын сайд нар ямар оролцоотой байсан талаар тодрууллаа.
———————————————————————-
-Таны хувьд намынхаа бүлгийн хурал дээр өөртэйгөө холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм байна. Энэ талаараа тодруулбал?
-Намынхаа бүлгийн хурал дээр П.Наранбаяр сайдтай тендергүйгээр 1.2 тэрбум төгрөгийн төсөл авсан гэсэн асуудал дээр мэдээлэл өглөө. Энэ яриаг манай намын нэр бүхий гишүүд гаргасан учраас тайлбар өгсөн. Би бол багш хүн. Улс төр гэсэн шинэ ертөнцөд орж ирээд нэг жил болж байна. Энэ хугацаанд олон ч юм үзэж харж байна. Засгийн газраа огцрууллаа. Улс төрийн шинжтэй зүйлс их явдаг юм байна. Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төсөл гээд миний өөрийн санаачилгаар гурав дахь үе шатандаа яваа төслийг маань өнөөдөр П.Наранбаяртай холбоод байгаа юм. Эхний жилдээ найм, дараагийн жил 60, гурав дахь жилдээ 88 сургууль хамрагдаад маш амжилттай явж байгаа төсөл. Би энэ төслийг анх санаачлахдаа Шинэ Монгол сургуулийнхаа 20 жилийн ойгоор нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явуулж байлаа. Ингэхдээ үйл ажиллагааных нь зардлыг бид 4 сая төгрөгөөр тооцоод дагуулан сургах аргаар сургалт явуулсан. Нийт 36 долоо хоногийн туршид тасралтгүй дагуулан сургасан. Сургуулиуд дээрээ очсон, тэднийгээ хотод авч ирсэн. Ингээд ноднин жил надад намын удирдлагууд санал тавиад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Ингэхдээ та хэрэгжүүлж байгаа энэ төслөө илүү далайцтай хэрэгжүүлээрэй гэдгийг хэлж байсан. Улс даяар нийтдээ 150 гаруй сургуулиас санал ирж, улсын хөгжил ч бүсчилсэн хөгжлийн дагуу явж байгаа учраас бид хангайн бүс, говийн бүс, болон нийслэлийн зарим дүүргээс 120 сургуулийг бүсчилж сонгосон. Сургуулиуд маань ч маш их сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Нийтдээ 188 сургуулийн 219 мянган хүүхэд, 80 гаруй мянган багш хамрагдсан том төсөл. Ерөөсөө улс орон хөгжье гэвэл боловсролоо чанартай болгох хэрэгтэй.
-Нэг жилийн хугацаатай сургалтад нэг сургууль 10 сая төгрөгийн төлбөр төлсөн юм уу?
-Нийт 200 цагийн сургалт өгдөг. Багш нарт цалин өгнө. Дээр нь сургуулиуд дээр явж очиход машин унааны зардал гарна. Гэх мэтчилэн бүх зардал ороод 10 сая төгрөг болоод байгаа юм. Энэ сургалтаас намайг ашиг олоод байна гэж зарим хүн харж байх шиг байна. 10 сая төгрөгөөр бүтэн жилийн турш дагуулан сургах энэ их ажлыг хийгээд илүү мөнгө гарахгүй шүү дээ. Миний хувьд хэд хэдэн сургууль байгуулсныг та бүхэн мэдэх байх. Шинэ Монгол, Шинэ Монгол Харумофужи, Шинэ Монгол технологийн дээд сургууль гэхчлэн. Эдгээр сургуулийг гүйцэтгэх захирлууд нь аваад явж байна. Надад итгэдэг, миний найз нөхөд болон тэтгэлгийн сангуудтай холбоо тогтоосноор өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхдэд нийт 40 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг миний гарын үсэгтэйгээр олгосон байна. Зөвхөн “Шинэ Монгол”ын сурагчдад биш, 21 аймгийн хүүхдүүд Улаанбаатар хотод ирээд сурахад нь зориулаад, сургалтын төлбөр төлөх боломжгүй хүүхдүүдэд зориулж “Шинэ Монгол Магучи” тэтгэлгийн санг байгуулсан. Нэг хүүхдэд жилд 1500 ам.доллар буюу дөрвөн сая төгрөг өгдөг. Таван жилийн дараагаас эхний жил сурсан төлбөрөө буцаан төлдөг. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 30 Их, дээд сургуульд суралцаж буй 356 төгсөгч байна. Нийт 1.350.000 ам.доллар буюу таван тэрбум гаруй төгрөг олгоод байна.
Энэ бүхнийг хувийн зүгээс олгоод явж байгаа хүний хувьд жилийн 10 сая төгрөгийн төлбөртэй сургалтаас ашиг олж, баяжаад байх үндэслэл байхгүй. Манай төрийн бус байгууллага одоогоор 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Төлбөрийн 70 орчим хувь нь цалиндаа зарцуулагддаг. Би дотоод үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Ямартаа ч санхүүгийн тайлангаа АТГ-т аваачаад өгөөрэй гэж хэлсэн.
-Хөтөлбөрт хамрагдах сургуулиудыг яаж сонгодог юм бол?
-Нийт сургуулийн дунд Google forum үүсгээд, энэ жил говийн бүс, хангайн бүсэд нийт төчнөөн сургуулийг хөтөлбөрт хамруулъя гээд мэдээллээ оруулдаг. Сургуулиуд тийшээ санал хүсэлтээ явуулдаг. Ирсэн материалуудыг үзэж бай гаад сонгодог. 2020 оноос нэгдүгээр үе шат, 2022 оноос хоёрдугаар үе шат нь эхэлсэн. Төрийн өмчийн сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр бөгөөд төрийн хийх ёстой ажлыг өөрсдийн Know how буюу туршлага, нотлогдсон үр дүндээ тулгуурлан хэрэгжүүлж байгаа.
-Тэгвэл Л.Энх-Амгалан сайдын үед энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж ойлгож болох уу?
-Л.Энх-Амгалан сайдын хувьд манай төсөл хэрэгжсэн найман сургуулийн хоёр дээр нь очиж үзээд, эргэж ирээд намайг дуудаж, “Сургуулийг хөгжүүлье гэвэл бүх юм менежмэнтдээ байдаг юм байна, Галбадрах багш аа” гэж хэлээд энэ төслийг эхлүүлж байсан. Тэгэхээр Л.Энх-Амгалан сайд болон тухайн үеийн Боловсролын ерөнхий газар маш сайхан дэмжиж, бидний нээлт, хаалт, тайлан дээр байнга ирж оролцож, бидний хийсэн ажлыг үнэлгээндээ оруулаад явж байсан.
-П.Наранбаяр сайдтай ашиг сонирхол нэг гэдэг шүүмжлэл яваад байгаа шүү дээ?
-П.Наранбаяр сайдтай холбоод байгаа нь бид хамтарч ажиллаж байсантай холбоотой. 2020 онд сонгуульд дэвшинэ гэхээр нь ажлаас нь чөлөөлсөн. Ажил төрлийн холбоогүй болоод таван жил өнгөрч байна. Хоёр жилийн дотор ашиг сонирхлын зөрчил бүхий ажил хийсэн байж болохгүй гэсэн хуулийн заалт бий. Нөгөөтэйгүүр, П.Наранбаяр сайдын хувьд мэдлэг боловсрол өндөртэй, үнэнч шударга, эх оронч, сэтгэлтэй, зүтгэлтэй залуу. Би бол өөрөө хөөцөлдөж байж, сургуулийнхаа Гүйцэтгэх захирлаар томилж байсан. Сонгуульд орох болсонтой холбогдуулан харамсалтайгаар тушаалыг нь гаргаж, чөлөөлж байлаа. Тэгэхээр өнөөдөр бидний дунд ашиг сонирхлын холбоо байхгүй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Т.Дарханхөвсгөл
One response to “Ж.Галбадрах: П.Наранбаяр сайд бид хоёрын дунд ашиг сонирхлын холбоо байхгүй”
Ашиг сонирхол гэж таны бодлоор юуг хэлдэг вэ?