Даншигийн инээдэг Амараа


Унасан ч, давсан ч инээдэг бөх гээд ард түмэн том Сүхбатдаа хайртай байсан. Үнэхээр Сүхбат гарьд унасан ч, давсан ч инээд алдан тахимаа өгч байдаг сан. 1994 оны наадмын долоогийн давааг бөхөд хайртай олон мартаагүй. Баянаа аваргын хүү Гантогтохыг том Сүхбат заан (тухайн үеийн цолоор нь бичив) хөлийг нь аваад яг хаяж яваад толгой дээгүүр нь даваад, Гантогтох Сүхбат зааны цээжинд нь хярж эргээд чөлөөтийн гэх үү, ямар ч байсан сонин содон мэхээр унагасан.

Хаячихлаа гэж бодсон заан маань уначихсандаа гайхан духаа алгадан харамсаад тахимаа өгдөг. Тахимаа өгчихөөд алхаж явахдаа мөн л духаа алгадан инээд алдаж байдаг. Энэ дүр төрх нь ард түмний сэтгэлд нэвт шингэж, том Сүхбатыгаа одоо хэрнээ хайрладаг. Тэгвэл Булганы Амарсайхан начин бөхийн хорхойтнуудын хайрыг татдаг. “Жаахан шарга” гэнэ үү, “Шарга үрээ” ч гэнэ үү янз бүрээр нэрлэдэг бололтой. Амараа начны ард түмэнд хайрлагдах шалтгаан үнэн сэтгэлийнх нь инээмсэглэлд байна уу даа. Мэдээж уран барилдаан, өнөө дунгуйлдах мэх нь үзэгчдийг хуйлруулж таарна.

Түрүү жил Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд “Ховдын их гурвал” аварга Хангай, заан Пүрэвсайхан, Бат-Өлзий нарыг дараалуулан дунгуйлдчихсан. “Ганц сурсан мэх минь надад Ерөнхийлөгчийн цом авчирлаа” гээд инээд алдаад ярьж байсан. Тэгвэл саяны даншиг наадамд мөн л инээд алдан уран гоё мэхээ угсруулсаар түрүүлчихлээ. Ялангуяа өндөр Мөнх-Эрдэнийг даваад инээж байгаа зураг цахимаар битүү явж байна. Удахгүй болох наадмаар учраа хүчтэнүүдээ дунгуйлдан түрүүлчихээд есөн хөлт цагаан тугаа инээгээд тойрохыг начиндаа хүсье.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Гантулга


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *