Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2025.07.01) Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг явууллаа. Тус зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учир Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ээс Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, зөвлөх багш Горчинсүрэнгийн Адьяаг нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар даргалан явуулав. Тэрбээр хуулийн дагуу Байнгын хорооны гишүүдийн ирц, хэлэлцэх асуудал, сонсголд оролцогчид, зорилго, сонсголын дэгийг танилцуулаад, НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн тухай мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч Г.Адьяа 1987 онд ЗХУ-ын Москва хотноо Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний дээд сургуульд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжил эзэмшиж, 2004 онд ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны академид эдийн засгийн ухааны окторын зэрэг хамгаалжээ. Сүхбаатар аймгийн хүнсний үйлдвэрээс 1974 онд ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1987-1992 онд МҮЭ-ийн төв зөвлөлийн зохион байгуулагчаас ерөнхийлөгч хүртэл дэвшин ажиллаж, 2004 онд Улсын их Хурлын гишүүнээр сонгогдож байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр 2008 оноос, МҮЭ-ийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2012 оноос ажиллаж байгаад 2021 оноос өнөөг хүртэл МҮЭ-ийн Холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд багшилж байна. Нэр дэвшигч Г.Адьяа НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвших болсон үндэслэл, томилогдсон тохиолдолд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцууллаа. Тэрбээр НДҮЗ-д хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж, нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, даатгуулагч төвтэй нийгмийн даатгалын үйлчилгээг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд мэдлэг боловсрол, хуримтлуулсан туршлагаа хуваалцаж ажиллахаа илэрхийлэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ оны зургадугаар сарын 26-ны хуралдаанаас томилогдсон, нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч, Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Далхжав дараа нь дүгнэлтээ танилцууллаа. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн талаар МҮЭ-ийн Холбооноос ирүүлсэн албан ёсны баримт бичиг, шинжээчийн тавьсан ажил мэргэжлийн шинж чанартай асуултуудад хариулсан байдалд үндэслэн дүгнэлт гаргасан байна. Мэдлэг, чадвар, бүтээл, хөгжил буюу хийх ажлынхаа талаар мэдлэгтэй, түүнийг амьдралд хэрэгжүүлсэн туршлагатай хүнээс чанартай бүтээгдэхүүн гарч, улмаар нийгэм хөгжилд нөлөөлнө гэсэн логик дарааллыг баримтлан дүгнэлт өгснөө тэрбээр танилцуулав.

Нэр дэвшигч Г.Адьяа мэдлэгийн хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн шат шатны сургалтуудад хамрагдаж, хөдөлмөрийн болон эдийн засагийн чиглэлээр тодорхой мэдлэг олж авсан байгааг тэрбээр өгүүлж, НДҮЗ-ийн гишүүнээр ажиллахад зөрчилдөх зүйлгүй гээд, 1979 оноос өнөөг хүртэл хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр тасралтгүй ажилласан нь салбарын хувьд туршлагажсан гэж үзэх үндэслэл болохыг онцлов. Нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчин, даатгуулагчдын хамрагдалт, шимтгэл төлөлт, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх боломж, сангийн хөрөнгийн зохистой ашиглалт, өр төлбөр тооцоололын талаар дэвшүүлсэн санаанууд нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалан ажиллах мэргэшил, дадлага туршлагатай гэж шинжээч дүгнэсэн байна.

Манай улсад 1990 оноос өмнө өнөөгийн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын чиг үүргүүдийн тодорхой хэсгийг МҮЭ-ийн байгууллага хариуцдаг байсан үеэс эхлэн нэр дэвшигч хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг, нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн удирдлага, зохион байгуулалтын талаар тодорхой ажил, албан тушаал эрхэлж, ном, бүтээл бичиж туурвиж ирсэн түүний ажил үүрэг гүйцэтгэх ур чадвар илтгэж буйг шинжээч дурдаад, үүний бататгах үүднээс мэргэжлийн түвшний зарим асуултыг тавихад онол, арга зүйн талаас оновчтой хариултыг өгснийг мэдээлсэн юм. Улсын их Хурлын гишүүн, МҮЭ-ийн Холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх зэрэг хариуцлагатай албан тушаал эрхэлснээс түүний хамт олныг удирдаж, төлөөлж ажиллах ур чадвар эзэмшсэн гэж үзэх үндэслэл болж буйг дурдлаа.

Дээд боловсролын байгууллагад багш, судлаач, сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж бу нэр дэвшигч нийгмийн харилцааны ёс зүйн хэм хэмжээг сахиж, бусдад эерэг үлгэрлэл үзүүлж ажиллах, түүнчлэн өөрт ногдуулсан үүрэг хариуцлагыг ухамсарлан ойлгох ёс зүйтэй, хамт олон болон системийн байгууллагадаа хүлээн зөвшөөрөгдсөн, сонгогч олон түмний итгэлийг даах ёс зүй төлөвшсөн гэж дүгнэсэн байна. Мөн ажлын дадлага туршлагад дүгнэлт хийж, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг туршлагатай тул нэр дэвшсэн албан тушаалд нийцэх бөгөөд мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын шалгууруудыг бүрэн хангасан гэж үзжээ.

Нэр дэвшигчийн танилцуулга болон хараат бус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд нийгмийн даатгалын сангийн оролцогч талуудыг үүрэг оролцоо, ашиг алдагдлыг хэрхэн тодорхойлох талаар асуув. Түүний асуултад нэр дэвшигч Г.Адьяа хариулахдаа хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд шилжсэн шилжилтийг хийхдээ Польш зэрэг зүүн Европын орнуудад нийгмийн даатгалын сан дампуурсан тохиолдол гарсныг дурдаж, үүнийг зөв, зохистой дарааллаар оновчтой төлөвлөж, ухаалгаар хэрэгжүүлэх нь бидний өмнө тулгамдаж байгаа нэн тэргүүний асуудал гэдийг онцолсон юм. Тэрбээр нийгмийн даатгалын салбарын өнөөгийн тоон үзүүлэлтийг танилцуулж, зохистой харьцаа алдагдах байдалтай болсныг анхааруулж, энэ салбарын шинэчлэлийг улс орны эдийн засгийн реформ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, гурван давхаргат тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Мөн бүх шатны нутгийн удирдлагууд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэдээ ямар эрсдэлтэй тулгарах вэ гэдгийг ойлгож, тэдэнд мэдлэг, мэдээлэл олгож, сайн дураар даатгуулахыг дэмжиж, идэвхжүүлж ажиллах шаардлагатайг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн тэтгэврийн доод хэмжээг тэгшитгэсэн нь зөв эсэх, нийгмийн даатгалын шимтгэлтэй хамт цуглуулж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн ач холбогдлыг дээшлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар асууж хариулт авлаа. Мөн сонсголд оролцогч Б.Гүнжилмаа, Ч.Бат-Эрдэнэ нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохистой хөдөлмөр эрхлэлт рүү шилжүүлэхэд юуг анхаарах, тэднийг нийгмийн даатгалын шимтгэлийнхээ үр ашгийг хүртдэг болгохын тулд юуг хийх, сангийн зарцуулалт, хуваарилалтыг хэрхэн оновчтой тогтоож, шаардлагагүй зарцуулалтууд үгүй болгох, зөв төлөвлөхөд юуг анхаарах, авч хэрэгжүүлж болох гадаадын өндөр хөгжилтэй орнуудын сайн туршлагыг хэр судалсан болон даатгуулагчдын эрх ашгийн төлөө улс төрийн намын бодлогыг сөрөх чадавхын талаар асуулт асууж, хариулт авав. Мөн Ч.Бат-Эрдэнэ НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүд бүгд тэтгэвэр авагчдыг төлөөлөх хүмүүс байгаа нь онцовчтой эсэхийг МҮЭ-ийн Холбооны төлөөллөөс асууж тодруулсан юм.

Нэр дэвшигч Г.Адьяа Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчдын асуултад хариулахдаа нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвийн хэмжээг тогтоох актуар тооцооллыг нарийвчлан хийж, хөрөнгийн дутагдлаас сэргийлэх, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарал хандуулах цаг болсныг онцолсон юм. Үүний тулд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбараас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрөх хөрөнгийн тодорхой хувийг нийгмийн даатгалд зарцуулах, тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшин, инфляцтай уялдуулан шинэчилж байх, үйлдвэрлэлийн осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалах өвчинд нэрвэгдсэн иргэдийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, хөдөлмөрийн чадварыг сэргээн ажлын байранд шилжүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлого баримталж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчид НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн талаар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат НДҮЗ-ийн үйл ажиллагаа хаалттай байдгаас болж иргэд, ялангуяа залуучууд нийгмийн даатгалын талаар ойлголтгүй, эсвэл буруу ойлголттой байх, түүнчлэн үүн хамрагдахгүй байхыг уриалах хандлаг их гарч буйг анхааруулж, тус зөвлөлийн хурал, үйл ажиллагааг нээлттэй болгох, даатгуулагчидтай нүүр тулж, санал бодлыг нь сонсож ажиллахыг зөвлөн, осол, гэмтэлд өртсөн иргэн нийгмийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй байхад Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан ихээхэн хэмжээний үлдэгдэлтэй, түүнийгээ арилжааны банканд хүүтэй хадгалуулж байгаа нь тус сан муу ажиллаж байгаагийн илрэл гэдгийг хэллээ. Түүнчлэн нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг шинэчлэх хүрээнд хөдөлмөрийн насыг нэмэх, хүнд, хортой нөхцлийг байхгүй болгох зэрэг зохицуулалт оруулахаар төлөвлөж байгаа нь цагаа олоогүй шийдэл гэдгийг онцолж, хуулийг даатгуулагчдад ээлтэй болгоход анхаарч өгөхийг хүссэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нэр дэвшигчийг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, хөдөлмөрийн эдийн засгийн ухаанаар мэргэжсэн эрдэмтэн, судлаачийн хувьд НДҮЗ хуулийн дагуу улс төрчдөөс хараат бусаар бие даан ажиллах, шинжлэх ухаанчаар асуудлыг шийдвэрлэдэг мэргэжлийн байх, нээлттэй байхад нөлөө үзүүлж, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун мөн дэмжиж байгаагаа хэлээд, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг зөвлөж, ажилчдаа хайрладаггүй ажил олгогчдоос болж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлууд гардгийг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хараат бус шинжээч Д.Далхжавын мэргэжлийн дүгнэлтийг сайшааж, нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан мэдлэг, чадвар, туршлагын хувьд ихээхэн итгэл төрүүлж байгааг дурдаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Түүнчлэн сонсголд оролцогч Ч.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын сангийн зарцуулалт, орлогыг сайжруулж байж даатгуулагчдын эрх ашиг хангагдаж, түүний хүрээ, хүртээмж өргөжих учир энэ талаар анхаар, хууль, эрх зүйн шинэчлэлт, тогтолцооны реформд идэвхтэй оролцож, дэмжиж ажиллахыг хүсэв.

Нэр дэвшигчийн сонсголыг даргалан явуулсан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар дүгнэлт болгож үг хэлсэн юм. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүд, оролцогчдоос зохистой хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчид дарамт болохгүй, ажилчдад зохистой байх талаас шинэчлэн сайжруулах санал гарч байгааг тэрбээр дурдаж, НДҮЗ-ийг бие даасан, хараат бусаар ажиллахад анхаарах, нийгмийн даатгалын тогтолцоог шинжлэх ухааны үндэстэй, судалгаа шинжилгээтэйгээр төлөвшүүлэх, нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг шинэчлэх асуудалд талуудын оролцоог бүрэн хангах, олон нийтийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудал хөндөж буйг танилцуулав. Мөн Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нийгмийн даатгалтай уялдуулах талаар идэвхтэй ажиллах, тэтгэвэр тооцох аргачлал, итгэлцүүрийг зохистойгоор дахин шинэчлэн тогтоох, Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа, эрсдлийг хамтдаа хуваалцах, тус сан болон Нийгмийн даатгалын сан хоорондын ажил хэргийн болон бодлогын уялдааг хангах, тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинтэй нийцүүлэх, өвлүүлэх, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн тогтолцоо, үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэх, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийг сайжруулж ажлын байранд шилжүүлэх болон хувилбарт үйлчилгээг нэврүүлэх зэрэг олон саналыг хэлж, хүний эрхийн шинэ ойлголтууд, нэр томъёог судлахыг зөвлөж буй нь ажил хэрэгч байгааг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар дүгнэв.

Үүгээр НДҮЗ-ийн даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол өндөрлөлөө. Сонсголын тайланг Байнгын хорооны гишүүд үргэлжлүүлэн, хаалттай хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *